Иохан 21:15-22

Иохан 21:15-22 АБ2013

Тэднийг өглөөний хоолоо идэж дуусахад Есүс, Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ. Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ. Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. “Чи Намайг хайрладаг уу?” гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ. Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ өөрөө бүслээд, аль хүссэн зүгтээ явдаг байсан. Харин өтлөхдөө чи гараа сунган, өөр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав. Петр ямар үхлээр Бурханыг алдаршуулахыг илэрхийлэн Есүс үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс, Петрт —Намайг дага гэлээ. Петр эргэхдээ, Есүсийн араас хайртай шавь нь дагаж явааг харав. Тэр шавь мөнөөх оройн зоог дээр Есүсийн цээжийг налан “Эзэн, Таныг барьж өгөх хүн хэн юм бэ?” гэж асууж байсан юм. Петр түүнийг хараад Есүст —Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд Есүс түүнд —Хэрэв Би ирэх хүртэлээ түүнийг байлгая гэж хүссэн ч чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав.

Иохан 21:15-22 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв