Иохан 20:1-18
Иохан 20:1-18 АБ2013
Долоо хоногийн эхний өдөр, эрт харанхуй байхад Магдалын Мариа хадан булшин дээр очоод, булшнаас хадыг зайлуулсан байхыг харав. Тэгээд тэр, Симон Петр болон Есүсийн хайртай байсан нөгөө шавь дээр нь гүйн ирж тэдэнд —Тэд Эзэнийг булшнаас авчихжээ. Түүнийг тэд хаана тавьсныг бид мэдэхгүй гэв. Тиймээс Петр нөгөө шавийн хамт булш уруу гүйв. Тэд хоёул хамтдаа гүйсэн боловч нөгөөдөх нь Петрээс хурдан гүйж, булшинд түрүүлэн ирж тонгойж хараад, даавуу байхыг үзсэн боловч дотогш орсонгүй. Араас нь Симон Петр ч гүйж ирээд, булш уруу орж, маалинган даавуу болон толгойг нь ороож байсан даавууг харав. Даавуунууд байсан байрандаа эвхээтэй байжээ. Тэгээд, түрүүлэн ирсэн нөгөө шавь булшинд орж хараад итгэв. Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой гэсэн Бичвэрийг тэд ойлгоогүй л байлаа. Ингээд шавь нар нь өөрсдийнхөндөө буцав. Харин Мариа булшны гадаа зогсоод уйлж байлаа. Тэр уйлсан чигээрээ булш уруу тонгойн хартал цагаан хувцастай хоёр тэнгэрэлч Есүсийн цогцсыг тавьж байсан газарт нэг нь толгойд, нөгөө нь хөл талд нь сууж байв. Тэд түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? гэсэнд тэр —Тэд Эзэнийг минь авчихсан байна. Тэд Түүнийг хаана тавьсныг би мэдэхгүй гэв. Тэр ингэж хэлээд эргэхдээ Есүсийн зогсож байхыг харсан боловч тэр нь Есүс байсныг таньсангүй. Есүс түүнд —Эмэгтэй, чи юунд уйлна вэ? Чи хэнийг хайна вэ? гэж асуув. Түүнийг цэцэрлэгч байна гэж бодоод тэр Түүнд —Эзэн, хэрэв та Түүнийг зөөсөн бол хаана тавьснаа надад хэлнэ үү? Би Түүнийг авах гэсэн юм гэв. Есүс —Мариа гэлээ. Мариа эргэнгүүтээ Түүнд еврейгээр —Рабуни! (Багш гэсэн утгатай) гэжээ. Есүс —Би Эцэгтээ хараахан дээш очоогүй байгаа тул Надад гар бүү хүр. Харин ах дүү нарт минь очиж, тэдэнд “Би Эцэгтээ буюу та нарын Эцэгт, Бурхандаа буюу та нарын Бурханд дээш очно” гэдгийг хэл гэлээ. Магдалын Мариа ирж, шавь нарт —Би Эзэнийг харлаа гээд, Есүсийн өөрт нь айлдсаныг тэдэнд хэлэв.