Иохан 2:1-25

Иохан 2:1-25 АБ2013

Гуравдугаар өдөр Галилын Канаад нэгэн хурим болоход Есүсийн эх тэнд байв. Есүс болон шавь нар нь бас хуримд уригдсан байлаа. Дарс хүрэлцэхгүй болоход Есүсийн эх Түүнд —Тэд дарсгүй болов гэлээ. Есүс —Эмэгтэй, Надад ч, танд ч ямар хамаа байна? Миний цаг хараахан болоогүй байна гэжээ. Эх нь үйлчлэгчдэд —Тэр та нарт юу айлдана, түүнийг үйлд гэв. Тэнд хоёр юмуу гурван метрэтээс багтаамжтай усны зургаан чулуун торх байсан агаад тэдгээрийг иудейчүүдийн ариусгалын ёслолд зориулдаг ажээ. Есүс тэдэнд —Торхнуудыг усаар дүүргэ гэж айлдсанд тэд амсарт нь хүртэл торхнуудыг дүүргэв. Есүс —Одоо утгаад, найрын ахлагчид аваачиж өг гэсэнд тэд аваачиж өгөв. Найрын ахлагч дарс болсон усыг амсаад, тэр дарс хаанаас бий болсныг мэдээгүй учир (харин ус утгасан үйлчлэгчид мэдэж байв) шинэ хүргэнийг дуудаж, түүнд —Аливаа хүн эхлээд сайн дарсаа гаргаад, хүмүүсийг согтсоны дараа муухнаа гаргадаг. Гэтэл чи сайн дарсаа одоо хүртэл хадгалсан байжээ гэж хэлэв. Есүс тэмдгүүдийнхээ эхлэлийг Галилын Канаад үйлдэж алдраа илчилсэнд шавь нар нь Түүнд итгэсэн юм. Дараа нь Есүс, эх дүү нар болон шавь нарынхаа хамт Капернаумд очиж, хэдэн өдөр тэнд байжээ. Иудейчүүдийн Алгасал баяр ойртож байсан бөгөөд Есүс Иерусалим уруу явав. Тэрээр үхэр, хонь, тагтаа худалдаалагчид ба мөнгө солигчид сүм дотор сууж байгааг хараад, дээсээр шилбүүр хийж хонь үхэр бүгдийг нь сүмээс тууж гарган, мөнгө солигчдын зооснуудыг тараан хаяж, ширээг нь хөмрүүлээд, тагтаа худалдаж байсан хүмүүст —Энэ юмнуудаа зайлуул. Эцэгийн минь гэрийг наймааны газар бүү болго гэлээ. Шавь нар нь “Таны өргөөний төлөөх зүтгэл Намайг залгих болно” гэж бичигдсэн байдгийг санацгаав. Тэгтэл иудейчүүд Түүнд —Эдгээрийг үйлдсэн Та ямар тэмдэг бидэнд үзүүлэх вэ? гэв. Есүс тэдэнд —Энэ сүмийг нураа. Би үүнийг гурван өдрийн дотор босгоно гэсэнд иудейчүүд —Энэ сүмийг барихад дөчин зургаан жил шаардагдсан байтал үүнийг Та гурван өдрийн дотор босгоно гэж үү? гэв. Харин Есүс Өөрийн бие болох сүмийн тухай айлдсан аж. Тэгээд Есүсийг үхэгсдээс амилахад Тэр үүнийг айлдсаныг шавь нар нь санаж, Бичвэр болон Есүсийн айлдсан үгэнд итгэцгээсэн юм. Алгасалын баяраар Иерусалимд байхдаа Есүсийн хийсэн тэмдгүүдийг олон хүн үзээд Түүний нэрэнд итгэжээ. Харин Есүс өөрийгөө тэдэнд эс даатгасан нь Тэрээр бүх хүнийг мэдэж байсных билээ. Хүний дотор юу байдгийг мэдэж байсан тул хүний тухай хэн нэгний гэрчлэл Түүнд хэрэггүй байв.