Иохан 18:19-40

Иохан 18:19-40 АБ2013

Тэргүүн тахилч, Есүсээс шавь нарынх нь тухай мөн сургаалынх нь тухай шалгаав. Есүс —Би ертөнцөд ил ярьсан. Би үргэлж бүх иудейчүүдийн цугладаг синагогт болон сүмд сургаал зааж байсан. Би нууцаар юу ч яриагүй. Та яагаад Надаас асууна вэ? Миний юу ярьсныг сонссон хүмүүсээс асуу. Харагтун, тэд юу ярьсныг минь мэднэ гэв. Тэр ийн хэлтэл дэргэд нь зогсож байсан харуул Есүсийг алгадаж —Чи тэргүүн тахилчид ингэж хариулдаг юм уу? гэлээ. Есүс түүнд —Би буруу ярьсан бол бурууг нь гэрчил. Зөв бол чи юунд Намайг цохино вэ? гэв. Тэгээд Аннас Есүсийг хүлээтэйгээр нь тэргүүн тахилч Каиафт илгээв. Симон Петр дулаацаад зогсож байтал тэд түүнд —Чи чинь Түүний шавь нарын нэг нь биш бил үү? гэсэнд тэр үгүйсгэн —Би биш гэв. Тэргүүн тахилчийн зарц нарын нэг, Петрт чихээ цавчуулсан хүний хамаатан —Чамайг Түүнтэй хамт цэцэрлэгт байхыг чинь би хараагүй бил үү? гэж хэллээ. Петр дахин үгүйсгэсэн тэр мөчид тахиа донгодов. Тэд Есүсийг Каиафынхаас амбан захирагчийн ордонд аваачив. Тэгэхэд эрт байлаа. Тэд биеэ бузарлахгүй байж Алгасал баярын зоогийг идэхийн тулд, ордонд орсонгүй. Тиймээс Пилат тэдэн дээр гарч очоод —Та нар энэ Хүнийг юу гэж буруутгаж байгаа юм бэ? гэхэд тэд —Энэ Хүн ёр мууг үйлдэгч бишсэн бол бид Түүнийг танд тушаахгүй л байх байсан гэлээ. Тэгтэл Пилат —Түүнийг ав. Өөрсдийнхөө хуулиар Түүнийг шүүгтүн гэхэд иудейчүүд —Хүн цаазлахыг бидэнд зөвшөөрдөггүй шүү дээ гэцгээв. Ямар үхлээр үхэхээ илэрхийлэн хэлж байсан Есүсийн үг биелэгдэхийн тулд тийн хэлжээ. Пилат дахин ордондоо орж, Есүсийг дуудаад —Та иудейчүүдийн Хаан мөн үү? гэхэд Есүс —Та үүнийг өөрөөсөө ярьж байна уу? Эсвэл өөр хүмүүс Миний тухай танд хэлэв үү? гэжээ. Пилат —Би иудей хүн биш биз дээ? Танай үндэстэн болон ахлах тахилч нар л Таныг надад тушаасан юм. Та юу хийчихсэн юм бэ? гэж асуув. Есүс —Миний хаанчлал бол энэ ертөнцийнх биш ээ. Хаанчлал минь энэ ертөнцийнх байсан бол Намайг иудейчүүдийн гарт өгөхгүйн тулд зарц нар минь тэмцэх байсан. Харин одоо Миний хаанчлал эндхийнх биш гэлээ. Пилат Түүнд —Тэгэхлээр Та Хаан байх нь ээ? гэхэд Есүс хариуд нь —Намайг Хаан гэж та хэлж байна. Би үнэнийг гэрчлэхээр төрсөн бөгөөд үүний төлөө ертөнцөд ирсэн. Үнэний хүн бүр Миний дууг сонсоно гэж айлдлаа. Пилат Түүнээс —Үнэн гэж юу вэ? гэв. Үүнийг хэлээд Тэр иудейчүүд уруу дахин очиж —Би Түүнээс ямар ч гэм бурууг олсонгүй. Алгасал баяраар та нарын төлөө, нэг хүнийг суллах ёстой гэсэн заншил та нарт бий. Тиймээс иудейчүүдийн Хааныг та нарт суллаж өгөхийг надаас хүсэж байна уу? гэхэд тэд дахин —Энэ хүнийг биш харин Барабыг гэж хашхиралдлаа. Бараб бол дээрэмчин ажээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна