Иохан 18:1-18

Иохан 18:1-18 АБ2013

Есүс энэ үгсийг айлдаад, шавь нарынхаа хамт Кидроны гууг гатлан гарч, тэнд байдаг цэцэрлэгт шавь нартайгаа оров. Есүсийг барьж өгсөн Иудас ч мөн энэ газрыг мэддэг байжээ. Учир нь Есүс тэнд шавь нартайгаа олонтаа цугладаг байв. Тэгтэл Иудас цэргийн баг, ахлах тахилч нар болон фарисайчуудаас харуулуудыг нь дагуулж ирэв. Тэд дэнлүү, бамбар, зэвсэг барин хүрч ирлээ. Өөрт нь тулгарах бүгдийг мэдэж байсан Есүс урагш гарч тэднээс —Та нар хэнийг эрнэ вэ? гэв. Тэд Түүнд —Назарын Есүсийг гэж хариулахад, Есүс —Тэр чинь Би байгаа юм гэв. Түүнийг барьж өгсөн Иудас ч мөн тэдэнтэй хамт зогсож байлаа. Есүсийг тэдэнд “Тэр чинь Би байгаа юм” гэхэд тэд ухарч газар унацгаав. Есүс дахин —Та нар хэнийг эрнэ вэ? гэж асуусанд тэд —Назарын Есүсийг гэлээ. Есүс хариулан —Тэр чинь Би байна гэж Би та нарт хэлсэн. Та нар Намайг эрж байгаа бол эднийг явуул гэсэн нь “Таны Надад өгснүүдээс нэгийг нь ч Би алдаагүй” гэж Түүний айлдсан үг биелэгдэхийн тулд юм. Симон Петр илдээ сугалаад, тэргүүн тахилчийн зарцын баруун чихийг тас цавчжээ. Тэр зарцын нэрийг Малх гэдэг байв. Тэгтэл Есүс, Петрт —Илдээ хуйнд нь хий. Эцэгийн Надад өгсөн аяганаас Би уухгүй гэж үү? гэв. Ингээд цэргүүд, мянгатын дарга болон иудейчүүдийн харуулууд Есүсийг барьж хүлээд, эхлээд Түүнийг Аннас дээр авч ирэв. Учир нь Аннас тэр жилийн тэргүүн тахилч Каиафын хадам эцэг байсан юм. Каиаф бол ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэж иудейчүүдэд зөвлөсөн тэр хүн билээ. Симон Петр бас өөр нэг шавь нь Есүсийг дагав. Тэр шавь тэргүүн тахилчийг таньдаг тул хашаанд нь Есүсийн хамт оров. Харин Петр хаалганы гадаа үлдэв. Тэгтэл тэргүүн тахилчийн танил нөгөө шавь гарч ирээд, үүдний сахиултай ярилцаж Петрийг дотогш оруулав. Тэрхүү үүдний сахиул шивэгчин, Петрт —Чи энэ хүний шавь нарын нэг нь биш бил үү? гэхэд тэр —Би биш ээ гэв. Хүйтэн байсан тул зарц нар, харуулууд модны нүүрс түлж дулаацан зогсож байлаа. Петр ч мөн тэдний хамт тэнд зогсоод дулаацаж байв.