Иохан 17:1-21
Иохан 17:1-21 АБ2013
Ингэж хэлээд Есүс тэнгэр өөд мэлмий өргөн —Аав аа, цаг нь ирлээ. Хүү нь Таныг алдаршуулахын тулд Хүүгээ алдаршуулаач. Таны Надад өгсөн бүхэнд Хүү чинь мөнх амийг өгөхийн тулд аливаа махбодоос дээгүүрх эрхийг Та Надад өгсөн билээ. Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн. Хий гэж Надад өгсөн ажлыг тань гүйцэтгэн Би Таныг газар дээр алдаршуулав. Аав аа, ертөнцөөс өмнө Тантай хамт Надад байсан сүр жавхлангаар одоо Та Намайг Өөрийнхөө хамт алдаршуулаач. Ертөнцөөс Таны Надад өгсөн хүмүүст Би нэрийг тань илчилсэн. Тэд Таных байсан бөгөөд Та тэднийг Надад өгсөн. Тэд үгийг тань сахисан юм. Таны Надад өгсөн алив бүхэн нь Танаас гэдгийг одоо тэд мэдэв. Учир нь Надад өгсөн үгсийг тань Би тэдэнд өгсөн. Тэдгээрийг тэд хүлээн авч, Намайг Танаас гарч ирснийг үнэхээр ойлгоод, Намайг Та илгээсэн гэдэгт итгэсэн юм. Тэдний төлөө Би гуйж байна. Би ертөнцийн төлөө бус харин Таны Надад өгсөн хүмүүсийн төлөө гуйж байна. Учир нь тэд Таных билээ. Миний бүх юм Таных, Таных бас Минийх. Би тэднээр алдаршуулагдлаа. Цаашид Би ертөнцөд байхгүй, харин тэд ертөнцөд байна. Би Танд очно. Ариун Аав аа, Надад өгсөн нэрээрээ тэднийг хамгаалж, Бидэн лугаа адил тэднийг нэг байлгаач. Тэдэнтэй хамт байхдаа би Надад өгсөн нэрээр тань тэднийг хамгаалж байсан. Би тэднийг харгалзсан бөгөөд мөхлийн хүүгээс өөр тэдний нэг нь ч эс мөхөв. Энэ нь Бичвэр биелэгдэхийн тулд ажээ. Харин одоо Би Танд очно. Тэдний дотор баяр баясгалан минь дүүрэн байхын тулд энэ бүхнийг Би ертөнцөд байхдаа ярьж байна. Би Таны үгийг тэдэнд өгсөн. Би ертөнцийнх бус лугаа адил тэд бас ертөнцийнх бус тул ертөнц тэднийг үзэн ядсан юм. Тэднийг Та ертөнцөөс аваач гэж Би гуйхгүй, харин муу муухайгаас хамгаалахыг гуйж байна. Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш. Үнэнээр тэднийг ариусгаач. Таны үг үнэн мөн. Та Намайг ертөнцөд илгээсний адилаар Би мөн тэднийг ертөнцөд илгээв. Тэд бас үнэнээр ариусгагдахын тулд Би Өөрийгөө тэдний төлөө ариусгана. Би зөвхөн тэдний төлөө бус, тэдний үгээр дамжуулан Надад итгэх хүмүүсийн төлөө мөн гуйж байна. Энэ нь Эцэг Та Миний дотор, Би Таны дотор байгаатай адил, тэд бүгд нэг байхын тулд бөгөөд мөн тэд Бидний дотор байж, Та Намайг илгээсэн гэдэгт ертөнцийг итгүүлэхийн тулд билээ.