Иохан 16:1-15

Иохан 16:1-15 АБ2013

Та нарыг бүдрүүлэхгүйн тулд үүнийг Би та нарт хэллээ. Тэд та нарыг синагогоос хөөнө. Харин та нарыг алах хүн бүр өөрийгөө Бурханд үйлчилж байна гэж бодох цаг ирж байна. Тэд Эцэгийг болон Намайг мэдээгүй учраас үүнийг хийх болно. Цаг нь ирэхэд та нарт тэдний тухай ярьсныг сануулахын тулд Би эдгээрийг хэлсэн юм. Би та нартай хамт байсан учир үүнийг та нарт эхлээд хэлээгүй. Харин одоо Би Намайг Илгээгч өөд явж байна. Гэтэл та нарын нэг нь ч Надаас “Та хаашаа явж байна?” гэж асуухгүй байна. Харин Би ийм юм та нарт хэлсэн учраас зүрх чинь уй гашуугаар дүүрэв. Гэхдээ Би та нарт үнэнийг хэлж байна. Миний явах нь та нарт дээр. Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй. Харин Би явбал Түүнийг та нар дээр илгээнэ. Тэр ирэхдээ нүгэл, зөвт байдал хийгээд шүүлтийн талаар ертөнцийг зэмлэнэ. Нүглийн тухайд гэвэл тэд Надад үл итгэнэ. Зөвт байдлын тухайд бол Би Эцэгтээ очно, Та нар Намайг дахиж эс харна. Шүүлтийн тухайд бол энэ ертөнцийн захирагч шүүгдсэн. Та нарт хэлэх зүйл Надад олон бий ч та нар одоо түүнийг дааж эс чадна. Харин үнэний Сүнс ирэхдээ та нарыг бүхий л үнэн өөд удирдана. Тэр Өөрөөсөө биш харин алив сонсох юмаа ярина. Ирэх зүйлийг Тэр та нарт мэдүүлнэ. Тэр Минийхийг авч та нарт мэдүүлэх учир Намайг алдаршуулна. Эцэгт буй бүхэн Минийх. Тиймээс “Тэр Минийхийг авч та нарт мэдүүлнэ” гэж Би хэлсэн билээ.