Иохан 15:18-26

Иохан 15:18-26 АБ2013

Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. Та нар ертөнцийнх байсан бол ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг. “Боол эзнээсээ илүү агуу биш” гэж Би та нарт хэлснийг санагтун. Тэд Намайг хавчсан бол та нарыг бас хавчих болно. Тэд үгийг минь сахисан бол та нарынхыг бас сахих болно. Харин тэд нэрээс минь болж та нарт энэ бүгдийг үйлдэх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм. Хэрэв Би ирж тэдэнд хэлээгүйсэн бол тэд гэм буруугүй байхсан. Харин одоо тэд нүгэлдээ шалтаггүй болов. Намайг үзэн ядагч нь Эцэгийг минь ч мөн үзэн яддаг. Би өөр хэний ч хийгээгүй үйлсийг тэдний дунд хийгээгүйсэн бол тэд нүгэлгүй байхсан. Харин одоо тэд Намайг болон Эцэгийг минь үзээд, хоёуланг маань үзэн ядаж байна. Энэ нь “Тэд шалтгаангүйгээр Намайг үзэн ядсан” гэж тэдний хуульд бичигдсэн үг биелэгдэхийн тулд ажээ. Эцэгээс гарах үнэний Сүнс болох Туслагчийг Би та нарт Эцэгээс илгээхэд тэр Сүнс Намайг гэрчилнэ.