Иохан 14:16-26
Иохан 14:16-26 АБ2013
Би Эцэгээс гуйхад Тэр та нарт өөр Туслагчийг өгнө. Тэр нь та нартай үүрд хамт байна. Тэр бол үнэний Сүнс бөгөөд Түүнийг харахгүй мэдэхгүйгээсээ болж ертөнц Түүнийг хүлээн авч чадахгүй. Тэр та нартай хамт байх бөгөөд та нарын дотор байх тул та нар Түүнийг мэднэ. Би та нарыг өнчрүүлж орхихгүй. Би та нар уруу ирнэ. Жаахан байзнаад ертөнц Намайг дахиж харахгүй. Харин та нар Намайг харна. Учир нь Би амьд байдаг агаад та нар амьдрах болно. Би Эцэг дотроо, та нар Миний дотор, Би та нарын дотор байхыг та нар тэр өдөр мэдэх болно. Миний тушаалуудыг хүлээн авч сахигч нь Намайг хайрлагч мөн. Намайг хайрлагч нь Эцэгт минь хайрлагдана. Би ч түүнийг хайрлаж, Өөрийгөө түүнд илчилнэ гэж хэллээ. Иудас (Искариотын биш) Түүнд —Эзэн, Та бидэнд Өөрийгөө илчлэх атлаа яагаад ертөнцөд илчлэхгүй юм бэ? гэхэд Есүс —Хэн нэг нь Намайг хайрлавал, үгийг минь тэр сахих бөгөөд Эцэг минь ч түүнийг хайрлана. Бид түүн уруу очиж түүнтэй амьдарна. Намайг эс хайрлагч нь үгийг минь сахидаггүй. Та нарын сонсож байгаа үг Минийх биш, харин Намайг илгээсэн Эцэгийнх билээ. Би та нартай хамт байхдаа үүнийг хэллээ. Харин Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүгдийг заах бөгөөд та нарт хэлсэн бүгдийг минь сануулах болно.