Иохан 13:31-38

Иохан 13:31-38 АБ2013

Иудасыг гарсны дараа Есүс —Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна. Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар очиж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна. Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ. Симон Петр Түүнд —Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс —Миний явах газарт чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ. Петр Түүнд —Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэхэд нь Есүс —Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэх болно гэв.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна