Иохан 13:21-38

Иохан 13:21-38 АБ2013

Есүс эдгээрийг хэлээд, сүнсэндээ шаналж, гэрчлэн —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Хэний тухай ярьж буйг нь мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие биенээ ажив. Шавь нарынх нь нэг, Есүсийн хайрласан хүн Есүсийн цээж налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж —Хэний тухай Тэр ярьж буйг асуугаач гэв. Есүсийн цээжийг налан байхдаа тэрээр —Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд Есүс —Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр нь мөн гэж хариулаад, талхны хэлтэрхийг дүрж Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. Талхны хэлтэрхийг аваад түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс, Иудаст —Үйлдэх юмаа түргэн үйлд гэлээ. Харин тухлан суугчдын хэн нь ч юуны улмаас Есүс тэгж хэлснийг мэдсэнгүй. Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл “Ядууст юм өг” гэсэн байх гэж зарим нь боджээ. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв. Иудасыг гарсны дараа Есүс —Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна. Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар очиж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна. Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ. Симон Петр Түүнд —Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс —Миний явах газарт чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ. Петр Түүнд —Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэхэд нь Есүс —Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэх болно гэв.

Иохан 13:21-38 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв