Иохан 13:21-30
Иохан 13:21-30 АБ2013
Есүс эдгээрийг хэлээд, сүнсэндээ шаналж, гэрчлэн —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Хэний тухай ярьж буйг нь мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие биенээ ажив. Шавь нарынх нь нэг, Есүсийн хайрласан хүн Есүсийн цээж налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж —Хэний тухай Тэр ярьж буйг асуугаач гэв. Есүсийн цээжийг налан байхдаа тэрээр —Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд Есүс —Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр нь мөн гэж хариулаад, талхны хэлтэрхийг дүрж Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. Талхны хэлтэрхийг аваад түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс, Иудаст —Үйлдэх юмаа түргэн үйлд гэлээ. Харин тухлан суугчдын хэн нь ч юуны улмаас Есүс тэгж хэлснийг мэдсэнгүй. Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл “Ядууст юм өг” гэсэн байх гэж зарим нь боджээ. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв.