Иохан 13:10-27
Иохан 13:10-27 АБ2013
Есүс —Усанд орсон нэгэн хөлнөөсөө бусдыг угаах хэрэггүй. Тэгээд ч бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү гэлээ. Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ. Тэгээд тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд —Та нарт Би юу хийснийг мэдэж байна уу? Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш, мөн элч нь илгээгчээсээ агуу биш юм. Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй. Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм. Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед Би байгаа гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээх хэнийг боловч хүлээн авч буй нь Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг нь Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа. Есүс эдгээрийг хэлээд, сүнсэндээ шаналж, гэрчлэн —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Хэний тухай ярьж буйг нь мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие биенээ ажив. Шавь нарынх нь нэг, Есүсийн хайрласан хүн Есүсийн цээж налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж —Хэний тухай Тэр ярьж буйг асуугаач гэв. Есүсийн цээжийг налан байхдаа тэрээр —Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд Есүс —Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр нь мөн гэж хариулаад, талхны хэлтэрхийг дүрж Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. Талхны хэлтэрхийг аваад түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс, Иудаст —Үйлдэх юмаа түргэн үйлд гэлээ.