Иохан 13:1-38

Иохан 13:1-38 АБ2013

Энэ ертөнцөөс салж, Эцэг өөдөө очих цаг нь болсныг Алгасалын баяраас өмнө Есүс мэдээд, дэлхийд байсан Өөрийнхнийгөө хайрлаж байсан тул тэднийг эцсээ хүртэл хайрлав. Оройн зоогийн үеэр, Есүсийг бариулах санааг Симоны хүү Искариотын Иудасын зүрхэнд диавол хэдийнээ өгөхөд Эцэг нь бүхнийг мутарт нь өгснийг болон Бурханаас ирээд Бурхан өөд буцан явж байгаагаа Есүс мэдээд, зоогийн ширээнээс босож, гадуур хувцсаа тайлан, алчуур авч бүслэв. Тэгээд саванд ус хийж, шавь нарынхаа хөлийг угаагаад, бүсэлсэн алчуураараа арчиж эхлэв. Есүс Симон Петр уруу ирэхэд Петр Түүнд —Эзэн, Та миний хөлийг угаах гэж үү? гэв. Есүс хариуд нь —Чи Миний юу хийж байгааг одоо мэдэхгүй. Харин чи хожим ойлгоно гэлээ. Петр Түүнд —Та миний хөлийг хэзээ ч угаахгүй шүү гэсэнд Есүс —Би чамайг угаахгүй бол Надтай гэх хувь чамд үгүй болно гэлээ. Тэгтэл Симон Петр Түүнд —Эзэн, зөвхөн хөлийг минь ч биш бас гар, толгойг минь угаагаач гэж хэлэв. Есүс —Усанд орсон нэгэн хөлнөөсөө бусдыг угаах хэрэггүй. Тэгээд ч бүхэлдээ цэвэр байна. Та нар цэвэр байна. Гэхдээ бүгдээрээ биш шүү гэлээ. Есүс Өөрийг нь барьж өгөх нэгнийг мэдэж байсан тул “Та нар бүгдээрээ цэвэр биш шүү” гэж айлджээ. Тэгээд тэдний хөлийг угаасны дараа гадуур хувцсаа авч, дахин тухлан суугаад тэдэнд —Та нарт Би юу хийснийг мэдэж байна уу? Та нар Намайг Багш, Эзэн гэж дууддаг. Тэр нь Би мөн тул та нарын зөв. Тэгвэл Би, Эзэн бөгөөд Багш атлаа та нарын хөлийг угаасан юм чинь та нар ч мөн нэг нэгнийхээ хөлийг угаах учиртай. Миний та нарт үйлдсэн лугаа адил та нарыг үйлд хэмээн Би ийм дуурайл өгөв. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Боол нь эзнээсээ илүү агуу биш, мөн элч нь илгээгчээсээ агуу биш юм. Үүнийг мэдэж, үйлдвээс та нар ерөөлтэй. Би та нарын бүгдийн чинь тухай яриагүй. Ямрыг нь сонгосноо Би мэднэ. Харин энэ нь “Миний талхыг идэж байсан нэгэн нь Миний эсрэг өсгийгөө өргөв” гэсэн Бичвэр биелэгдэхийн тулд юм. Үүнийг биелэхээс өмнө Би одооноос та нарт ярьж байна. Энэ нь биелэх үед Би байгаа гэдэгт та нарыг итгүүлэхийн тулд билээ. Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Миний илгээх хэнийг боловч хүлээн авч буй нь Намайг хүлээн авдаг. Намайг хүлээн авдаг нь Намайг Илгээгчийг хүлээн авдаг гэж айлдлаа. Есүс эдгээрийг хэлээд, сүнсэндээ шаналж, гэрчлэн —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Та нарын нэг чинь Надаас урвана гэлээ. Хэний тухай ярьж буйг нь мэдэх гэж гайхшран, шавь нар нь бие биенээ ажив. Шавь нарынх нь нэг, Есүсийн хайрласан хүн Есүсийн цээж налаад сууж байлаа. Тэгтэл Симон Петр түүн уруу дохиж —Хэний тухай Тэр ярьж буйг асуугаач гэв. Есүсийн цээжийг налан байхдаа тэрээр —Эзэн, тэр хэн юм бэ? гэсэнд Есүс —Энэ талхыг Би дүрээд хэнд өгнө, тэр нь мөн гэж хариулаад, талхны хэлтэрхийг дүрж Искариотын Симоны хүү Иудаст өгчээ. Талхны хэлтэрхийг аваад түүнд Сатан шүглэв. Тэгтэл Есүс, Иудаст —Үйлдэх юмаа түргэн үйлд гэлээ. Харин тухлан суугчдын хэн нь ч юуны улмаас Есүс тэгж хэлснийг мэдсэнгүй. Иудаст мөнгөний хүүдий байсан тул Есүс түүнд “Баярт зориулан бидэнд хэрэгтэй юмыг худалдан ав” эсвэл “Ядууст юм өг” гэсэн байх гэж зарим нь боджээ. Тэгээд Иудас талхны хэлтэрхийг аваад тэр даруй гарч явлаа. Тэгэхэд шөнө байв. Иудасыг гарсны дараа Есүс —Одоо Хүний Хүү алдаршлаа. Бурхан Түүгээр алдаршлаа. [Хэрэв Бурхан Түүгээр алдаршсан бол] Бурхан Өөрийнхөө дотор Түүнийг бас алдаршуулна. Даруй Түүнийг алдаршуулна. Бяцхан хүүхдүүд ээ, Би та нартай хамт хоромхон зуур байна. Та нар Намайг хайх болно. Би иудейчүүдэд “Би хаашаа явна, тийшээ та нар очиж чадахгүй” гэж хэлснийхээ адил одоо мөн та нарт хэлж байна. Бие биенээ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг Би та нарт өгч байна. Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно гэлээ. Симон Петр Түүнд —Эзэн, Та хаашаа явах юм бэ? гэхэд Есүс —Миний явах газарт чи одоо Намайг дагаж чадахгүй. Харин чи хожим дагана гэлээ. Петр Түүнд —Эзэн, би Таныг яагаад одоо дагаж чадахгүй гэж? Би Таны төлөө амиа зориулъя гэхэд нь Есүс —Миний төлөө чи амиа зориулна гэж үү? Үнэнээр үнэнээр Би чамд хэлье. Тахиа донгодохоос өмнө чи Намайг гурвантаа үгүйсгэх болно гэв.

Иохан 13:1-38 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв