Иохан 12:1-19
Иохан 12:1-19 АБ2013
Алгасал баяраас зургаан өдрийн өмнө, үхлээс амилуулагдсан Лазарын байсан Бетанд Есүс иржээ. Тэд тэнд Есүст зоог бэлдэж, Марта үйлчилж байсан ба Есүстэй хамт тухлан суугчдын нэг нь Лазар байлаа. Тэгтэл Мариа маш үнэтэй, цэвэр нардын нэг литра үнэрт тос аваад, Есүсийн хөлийг тосолж, үсээрээ арчив. Гэр нь тосны анхилам үнэрээр дүүрлээ. Харин шавь нарынх нь нэг, Түүнийг барьж өгөх Искариотын Иудас — Яагаад энэ тосыг гурван зуун денараар зарж ядууст өгсөнгүй вэ? гэв. Тэрээр ядуусын талаар санаа тавьсандаа бус, харин хулгайч байсан болохоор тэгж хэлжээ. Тэр мөнгөний хүүдийг барьж, дотор нь хийснийг авчихдаг байжээ. Тэгтэл Есүс —Түүнийг орхи. Миний оршуулгын өдөрт зориулж Мариа үүнийг хадгалаг. Та нар үргэлж ядуустай цуг байна. Харин та нар Надтай үргэлж цуг байхгүй гэж айлдав. Иудейчүүд Есүсийг тэнд байгааг мэдээд зөвхөн Есүсийн төлөө биш, харин Түүний үхлээс амилуулсан Лазарыг бас үзэхээр үй олноороо иржээ. Харин ахлах тахилч нар мөн Лазарыг алахаар зөвлөлдөв. Учир нь Лазараас болж иудейчүүд олноороо Есүст итгэж байлаа. Маргааш нь Есүсийг Иерусалим уруу ирж явааг баярт ирсэн үй олон сонсоод, далдуу модны мөчир барьж, Түүнийг угтахаар гарч —Хосанна! Эзэний нэрээр Ирэгч, Израилийн Хаан ерөөлтэй еэ! гэж хашхиралдаж байлаа. Есүс илжигний төл олж унасан байв. Энэ нь «Бүү ай, Сион охин! Харагтун, Хаан чинь байдсан илжигний дудран унаад ирж байна» гэж бичигдсэнчлэн болов. Шавь нар нь үүнийг анхандаа ойлгоогүй ажээ. Харин Есүсийг алдарших үед энэ нь Түүний тухай бичигдсэн байсныг мөн хүмүүс Түүнд эдгээрийг үйлдсэнийг санажээ. Есүс, Лазарыг булшнаас дуудаж, үхэгсдээс амилуулах үед нь хамт байсан ард олон Есүсийг гэрчилсээр байлаа. Тиймээс Есүс эдгээр тэмдгийг үйлдсэнийг ард олон сонссон тул Түүнийг угтав. Тэгтэл фарисайчууд өөр хоорондоо —Хараач, та нарын үйлс ямар ч ашиг алга. Харцгаа, Түүний араас ертөнц даяараа дагалаа гэцгээв.