Иохан 11:17-35

Иохан 11:17-35 АБ2013

Есүс ирээд, Лазарыг булшинд дөрөв хоног байсныг мэдэв. Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудей тэднийд иржээ. Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суугаад үлдэж. Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан. [Харин] Та Бурханаас юу ч гуйсан Бурхан Танд өгнө гэдгийг одоо би мэдэж байна гэв. Есүс түүнд —Ах чинь амилна гэхэд Марта Түүнд —Эцсийн өдрийн амилалд тэр амилна гэдгийг би мэднэ гэв. Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэж асуув. Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг. Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр —Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан газраа л байж байлаа. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг харахдаа, түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагажээ. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж —Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн — Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ. Есүс уйлав.