Иохан 11:1-57
Иохан 11:1-57 АБ2013
Бетаны Лазар өвчтэй байлаа. Бетан нь Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон юм. Мариа бол Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтэй байв. Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж, —Эзэн минь, хараач, хайрладаг хүн тань өвдөв гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэлд бус харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. Марта, түүний охин дүү болон Лазарыг Есүс хайрладаг байлаа. Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа дахин хоёр хонов. Дараа нь Тэр шавь нартаа —Иудей уруу дахин явцгаая гэхэд шавь нар нь —Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. Есүс —Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу? Өдөр явбал ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. Харин шөнө явбал хүний дотор гэрэл байхгүй тул бүдэрнэ гэв. Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд шавь нар нь Түүнд —Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг унтаж амрах тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есүс тэдэнд шуудхан —Лазар үхсэн. Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэв. Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт —Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв. Есүс ирээд, Лазарыг булшинд дөрөв хоног байсныг мэдэв. Бетан Иерусалимаас холгүй арван таван стадиа орчмын тэртээ байдаг аж. Ахаасаа хагацсан Марта, Мариа нарыг тайтгаруулахаар олон иудей тэднийд иржээ. Тэгтэл Марта Есүсийн ирж байгааг дуулаад, угтахаар гарав. Харин Мариа гэртээ суугаад үлдэж. Марта Есүст —Эзэн, Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан. [Харин] Та Бурханаас юу ч гуйсан Бурхан Танд өгнө гэдгийг одоо би мэдэж байна гэв. Есүс түүнд —Ах чинь амилна гэхэд Марта Түүнд —Эцсийн өдрийн амилалд тэр амилна гэдгийг би мэднэ гэв. Есүс Мартад —Амилал ба амь бол Би байгаа юм. Надад итгэдэг нь үхэвч амилна. Надад амьдрагч хийгээд итгэгч бүхэн хэзээ ч үхэхгүй. Үүнд итгэж байна уу? гэж асуув. Марта —Тийм ээ, Эзэн. Та бол Христ, ертөнцөд ирэх Бурханы Хүү мөн гэдэгт би итгэдэг. Үүнийг хэлээд тэр явж, дүү Мариагаа дуудаад, сэмхэнээр —Багш энүүхэнд ирээд чамайг дуудаж байна гэхэд Мариа үүнийг сонсоод, ухасхийн босож, Түүн уруу очив. Есүс тосгонд хараахан хүрч очоогүй агаад харин Мартатай уулзсан газраа л байж байлаа. Тэгтэл гэрт нь Мариатай байж, тайтгаруулж байсан иудейчүүд түүнийг ухасхийн босож гарч явахыг харахдаа, түүнийг булшин дээр очиж уйлахаар явлаа гэж бодоод араас нь дагажээ. Мариа Есүсийн байсан газар ирж, Түүнийг хараад хөлд нь унаж —Эзэн, хэрэв Та энд байсан бол ах минь үхэхгүй байх байсан гэлээ. Есүс түүний уйлахыг болон түүнтэй хамт ирсэн иудейчүүдийн уйлахыг хараад сүнс нь гүнээ шаналж, дотроо үймрэн — Та нар түүнийг хаана тавьсан бэ? гэхэд тэд Түүнд —Эзэн, ирээд, үз гэлээ. Есүс уйлав. Тэгтэл иудейчүүд —Тэр түүнд ямар хайртай байсныг хараач гэцгээж байлаа. Харин тэдний зарим нь —Сохор хүний нүдийг нээсэн энэ, түүнийг мөн үхүүлэхгүй байж чадаагүй юм байх даа гэв. Есүс дахиад л дотроо гүнээ шаналж, булшин дээр хүрч ирэв. Энэ нь агуй байсан бөгөөд амыг нь хадаар тагласан байлаа. Есүс —Хадыг зайлуул гэхэд талийгаачийн дүү Марта Түүнд —Эзэн, тэр үхээд дөрөв хонож байгаа тул одоо өмхийрсөн байгаа гэж хэлэв. Есүс, Мартад —“Хэрэв чи итгэвэл Бурханы алдрыг харна” гэж Би чамд хэлсэн бус уу? гэлээ. Тэгээд тэд хадыг зайлуулав. Есүс дээшээ харан —Аав аа, Та Намайг сонссонд Танд Би талархаж байна. Та Намайг үргэлж сонсдогийг Би мэдсэн. Та Намайг илгээсэн гэдэгт итгүүлэхийн тулд тойрон зогсох олны төлөө Би үүнийг хэллээ гэв. Тэр ийн айлдаад, чанга дуугаар —Лазар, гараад ир гэж хашхирав. Талийгаач гар, хөл нь оршуулгын боолтоор боолттой, нүүр нь алчуураар ороолттой чигээрээ гарч ирэв. Есүс тэдэнд —Тайлж, түүнийг явуул гэв. Мариагийнд ирсэн иудейчүүд дундаас олон хүн Есүсийн үйлдсэнийг хараад Түүнд итгэжээ. Харин тэдний зарим нь фарисайчууд дээр очиж, Есүсийн үйлдсэнийг тэдэнд хэлцгээв. Тэгтэл ахлах тахилч нар болон фарисайчууд Зөвлөлд цуглаж —Юу хийх вэ? Энэ хүн олон тэмдэг үйлдэж байна. Хэрэв бид Түүнийг ингээд орхивол бүх хүн Түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирж, манай газар болон үндэстнийг маань сүйтгэнэ гэцгээв. Харин тэдний нэг, тэр жил тэргүүн тахилч байсан Каиаф тэдэнд —Та нарт мэдэх юм гэж алга. Бүх үндэстнээрээ мөхөхгүйн тулд ард түмний төлөө нэг хүн үхэх нь дээр гэдгийг ч бодолцохгүй байна гэж хэлэв. Тэр энэ үгсийг өөрөөсөө хэлээгүй юм. Харин тэр жилийн тэргүүн тахилч байсан учир, үндэстнийхээ төлөө Есүсийн үхэх тухай болон Тэр зөвхөн үндэстнийхээ төлөө бус харин Бурханы тарсан хүүхдүүдийг бөөгнүүлж нэгтгэхийн төлөө үхэх тухай эш үзүүлжээ. Энэ өдрөөс тэд Есүсийг алахаар төлөвлөв. Тиймээс Есүс иудейчүүдийн дунд дахиж ил явсангүй. Харин тэндээс цөлийн ойролцоох нутаг, Ефраим гэдэг хот явж шавь нарынхаа хамт тэнд үлдэв. Иудейчүүдийн Алгасал баяр ойртсон байлаа. Олон хүн өөрсдийгөө ариусгахаар, Алгасал баярын өмнө нутгаасаа Иерусалимд иржээ. Тэд Есүсийг хайж, сүм дотор зогсон өөр хоорондоо —Та нар юу гэж бодож байна? Тэр баяр дээр ирэх болов уу? гэж ярьж байлаа. Түүний хаана байгааг мэдсэн хүн байвал Есүсийг бариулахаар мэдэгдэх ёстой гэсэн зарлигийг ахлах тахилч нар болон фарисайчууд буулгасан байв.