Иохан 11:1-16
Иохан 11:1-16 АБ2013
Бетаны Лазар өвчтэй байлаа. Бетан нь Марта, түүний дүү Мариа хоёрын тосгон юм. Мариа бол Эзэнийг тосоор тослоод, хөлийг нь үсээрээ арчсан тэр эмэгтэй бөгөөд ах Лазар нь өвчтэй байв. Тиймээс эгч дүүс Есүст хүн илгээж, —Эзэн минь, хараач, хайрладаг хүн тань өвдөв гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Есүс —Энэ өвчин үхэлд бус харин үүгээр Бурханы Хүү алдаршуулагдахын тулд, Бурханы алдрын төлөө юм гэлээ. Марта, түүний охин дүү болон Лазарыг Есүс хайрладаг байлаа. Лазарын өвдсөнийг сонсоод, Есүс байсан газраа дахин хоёр хонов. Дараа нь Тэр шавь нартаа —Иудей уруу дахин явцгаая гэхэд шавь нар нь —Рабби, саяхан иудейчүүд Тан уруу чулуу чулуудахаар завдаж байсан. Та тийшээ дахиад явах гэж үү? гэв. Есүс —Өдөрт арван хоёр цаг байдаг бус уу? Өдөр явбал ертөнцийн гэрлийг үздэг тул бүдрэхгүй. Харин шөнө явбал хүний дотор гэрэл байхгүй тул бүдэрнэ гэв. Ингэж айлдсаныхаа дараа Тэр тэдэнд —Бидний анд Лазар унтжээ. Гэвч Би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд шавь нар нь Түүнд —Эзэн, хэрэв унтсан бол тэр эдгэнэ гэв. Есүс Лазарын үхлийн тухай айлдсан ажээ. Харин тэд Түүнийг унтаж амрах тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есүс тэдэнд шуудхан —Лазар үхсэн. Та нарыг итгүүлэхийн тулд, тэнд байгаагүйдээ Би та нарын төлөө баяртай байна. Харин одоо түүн уруу явцгаая гэв. Гэтэл Ихэр гэгддэг Томас бусад шавь нарт —Цөмөөрөө бас явцгаая. Тэгээд Түүнтэй хамт үхье гэж хэлэв.