Иохан 1:19-34

Иохан 1:19-34 АБ2013

“Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа. Тэр эс үгүйсгэн хүлээн зөвшөөрч —Би Христ биш гэж хүлээв. Тэд түүнээс —Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад тэр —Би биш гэсэнд —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ. Тэгтэл тэд түүнд —Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. Иохан —Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах дуу бол би билээ гэж хэлэв. Фарисайчуудын илгээсэн хүмүүс бас байлаа. Тэд түүнээс —Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд Иохан —Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын чанад Бетанд болсон юм. Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга. Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израильд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. Иохан гэрчилж —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв.