Иохан 1:15-51

Иохан 1:15-51 АБ2013

Иохан Түүний тухай гэрчлэн хашхирч —“Миний араас Ирэгч нь миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж би Түүний тухай хэлсэн юм гэлээ. Түүний дүүрнээс нь бид бүгдээрээ нигүүлсэл дээрээ нигүүлслийг хүлээн авсан. Учир нь хууль Мосегоор өгөгдсөн бол, нигүүлсэл ба үнэн нь Есүс Христээр ирсэн билээ. Бурханыг хэн ч хэзээ ч хараагүй. Харин Эцэгийн өвөр дэх цор ганц Төрөгч болох Бурхан нь Түүнийг таниулсан юм. “Та хэн бэ?” гэж Иоханаас асуулгахаар иудейчүүд, тахилч нар болон левичүүдийг Иерусалимаас илгээхэд түүний гэрчлэл ийм байлаа. Тэр эс үгүйсгэн хүлээн зөвшөөрч —Би Христ биш гэж хүлээв. Тэд түүнээс —Тэгвэл хэн юм бэ? Та Елиа юм уу? гэж асуухад тэр —Би биш гэсэнд —Та өнөөх Эш үзүүлэгч үү? гэхэд тэр —Үгүй гэлээ. Тэгтэл тэд түүнд —Та хэн бэ? Биднийг явуулагсдад бид хариу өгөх учиртай. Та өөрийнхөө тухай юу хэлэх вэ? гэв. Иохан —Эш үзүүлэгч Исаиагийн айлдсан “Эзэний замыг шулуун болгогтун” гэж цөлд хашхирах дуу бол би билээ гэж хэлэв. Фарисайчуудын илгээсэн хүмүүс бас байлаа. Тэд түүнээс —Та Христ биш, Елиа ч биш, өнөөх эш үзүүлэгч ч биш юм бол яагаад баптисм хүртээнэ вэ? гэж асуусанд Иохан —Би усаар баптисм хүртээдэг. Харин та нарын үл таних Нэгэн дунд чинь зогсож байна. Миний араас ирэгч нь Тэр бөгөөд би Түүний шаахайн үдээсийг ч тайлах үнэ хүндгүй гэв. Энэ явдал Иоханы баптисм хүртээж байсан Иордан голын чанад Бетанд болсон юм. Дараа өдөр нь Иохан, өөр уруу нь ирж яваа Есүсийг хараад, —Харагтун! Ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга. Энэ бол Түүний тухай “Миний араас ирэх Хүн миний өмнөх болсон. Учир нь Тэр надаас урьд оршин байсан” гэж миний хэлсэн Тэр мөн. Би Түүнийг таниагүй. Гэвч Түүнийг Израильд илчлэхийн тулд би усаар баптисм хүртээхээр ирсэн гэв. Иохан гэрчилж —Сүнс тэнгэрээс тагтаа мэт буун ирж, Түүн дээр тогтохыг би харсан. Би Түүнийг таниагүй. Харин усаар баптисм хүртээлгэхээр намайг илгээсэн Тэр “Хэний дээр Сүнс тагтаа мэт буун ирж тогтохыг чи харна, Тэр бол Сүнсээр баптисм хүртээгч мөн” гэж надад айлдсан юм. Би харсан. Энэ бол Бурханы Хүү мөн гэдгийг гэрчилж байна гэв. Дараа өдөр нь Иохан дахиад л шавь нарынхаа хоёртой нь зогсож байлаа. Есүсийн явж байхыг тэр хараад —Бурханы Хургыг харагтун! гэсэнд хоёр шавь нь түүний хэлэхийг сонсоод, Есүсийг дагав. Есүс эргэж тэдний дагахыг хараад, тэдэнд —Та нар юу эрнэ вэ? гэсэнд тэд Түүнд —Рабби, (орчуулбал «Багш аа») Та хаана байгаа вэ? гэв. Есүс тэдэнд —Ир, та нар харна гэж айлдсанд тэд Түүний байгаа газар очиж үзээд, тэр өдөр Түүнтэй хамт байв. Тэгэхэд ойролцоогоор аравдугаар цаг болж байлаа. Иоханаас сонсоод Есүсийг дагасан хоёрын нэг нь Симон Петрийн дүү Андрей байжээ. Андрей эхлээд өөрийн ах Симоныг олоод, түүнд —Бид Мессиаг (грекээр Христ) оллоо гээд, түүнийг Есүс дээр авчрав. Есүс түүнийг хараад, Симонд —Чи бол Иоханы хүү Симон байна. Чамайг Кеф (орчуулбал «Петр») гэж нэрлэх болно гэлээ. Дараа өдөр нь Есүс Галил явахаар завдан байхдаа Филипийг олоод, түүнд —Намайг дага гэв. Андрей, Симон нарын хот Бетсайдаас Филип иржээ. Натанаелыг Филип олоод —Мосе хуульдаа бас эш үзүүлэгчдийн бичсэн Нэгэн болох Иосефын хүү, Назарын Есүсийг бид оллоо гэсэнд Натанаел түүнд —Назараас сайн юм гарч чадна гэж үү? гэхэд нь Филип —Ирж, хар л даа гэв. Есүс Өөр уруу нь ирж яваа Натанаелыг хараад, түүний тухай —Харагтун, жинхэнэ израиль, заль мэх гэж түүнд үгүй гэв. Натанаел Есүсээс —Та намайг яаж мэднэ вэ? гэхэд Тэр —Филип чамайг дуудахаас өмнө, инжрийн модны доор байхад чинь Би чамайг харсан гэлээ. Натанаел —Рабби, Та бол Бурханы Хүү. Та бол Израилийн Хаан гэж Түүнд хэлэв. Есүс түүнд хариулан —Чамайг инжрийн модны доор байхыг чинь харсан гэж Би чамд хэлсэн тул чи итгэж байна уу? Чи үүнээс ч агууг үзэх болно гээд, Тэр —Үнэнээр үнэнээр Би та нарт хэлье. Тэнгэр нээгдэн, Бурханы тэнгэрэлч нар Хүний Хүүгийн дээр өгсөж уруудахыг та нар үзэх болно гэж айлдав.