Иеремиа 9
9
1Ард түмнийхээ охины алагдагсдын төлөө
Өдөр, шөнөгүй би уйлахсан,
Толгой минь ус, нүд минь нулимсны ундарга байсан ч болоосой!
2Би энэ ард түмнээ орхихсон,
тэднээс явахсан.
Цөлд аянчдын хонох газар
надад байсан ч болоосой!
Эд бүгд завхайрагчид агаад
Итгэл эвдэгч хүмүүсийн тусгай чуулаан юм.
3“Хэл юугаа тэд нум татах мэт хөвчлөөд
Худал хуурмагаар газар нутгаа эзлүүлж
Үнэн гэдэг нь огт үгүй болжээ.
Эд ёрын муугаас ёрын муу тийш явдаг бөгөөд
Тэд Намайг мэддэггүй” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
4“Хүн бүр хөршөөсөө болгоомжилж,
Ямар ч ах дүүд бүү итгэг.
Учир нь ах дүү бүр зальтайгаар үйлдэж,
Хөрш бүр гүтгэгч мэт явдаг.
5Хүн бүр үнэнийг ярилгүй
хөршөө мэхэлдэг бөгөөд
Худал ярихыг хэлэндээ тэд заасан билээ.
Тэд гэм бурууг үйлдэж
өөрсдийгөө ядраадаг.
6Та нарын оршин суудаг газар худал хуурмагийн дунд юм.
Худалд хуурмаг дотроо тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.
7Тиймээс түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна.
Үзэгтүн, Би тэднийг цэвэрлэж, шалгана.
Ард түмний минь охины улмаас
Би юу хийж чадах билээ?
8Тэдний хэл бол үхлийн сум.
Энэ нь заль мэхийг ярьдаг.
Амаараа хэн нэгэн хөршдөө амар амгаланг яривч
Дотроо түүнийг отох нуувч бэлдэж байдаг.
9Эдгээр зүйлийн төлөө Би тэднийг шийтгэхгүй гэж үү? гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
“Энэ мэт үндэстнээс Би
Өшөөгөө авахгүй гэж үү?”
10Би уулсын төлөө уйлаан болон орь дууг,
Зэлүүд талын бэлчээрүүдийн төлөө гашуудлын дууг гаргана.
Учир нь тэд хэн ч дамжин өнгөрөхөөргүй зэлүүд болсон бөгөөд
Үхэр сүргийн мөөрөх нь ч сонсогдохгүй байна.
Тэнгэрийн шувууд, араатан амьтдын
Аль аль нь зугтжээ. Тэд явжээ.
11Би Иерусалимыг сүйрлийн овоо,
Цөөвөр чононуудын үүр болгоно.
Би Иудагийн хотуудыг оршин суугчидгүй эзгүйрэл болгоно хэмээв.
12Үүнийг ойлгож чадах мэргэн хүн хэн бэ? Үүнийг тунхаглуулахаар хэнд ЭЗЭНий ам ярьсан бэ? Яагаад газар нутаг хэн ч өнгөрч явахааргүйгээр сүйрч, цөл мэт эзгүйрэв? 13ЭЗЭН айлдахдаа “Учир нь тэдний өмнө Миний тогтоосон хуулийг тэд орхиж, дуу хоолойг минь дагаагүй, түүний дагуу яваагүй. 14Харин эцэг өвгөд нь тэдэнд заасны дагуу зүрхнийхээ гөжүүдлэлийг даган Баалуудын араас явсан юм” гэв. 15Тиймээс Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Үзэгтүн, Би ийм хүмүүс болох тэднийг шарилжаар хооллож, хортой ус уулгахаар тэдэнд өгнө. 16Би тэднийг өөрсдийнх нь ч, эцэг өвгөдийнх нь мэдээгүй үндэстнүүдийн дунд тараана. Тэднийг хөнөөж бартлаа араас нь Би илд явуулна” гэв.
Ард түмний гашуудал
17Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдав.
“Тунгаан бодож, гашуудаж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр дууд.
Орь дуу тавьж буй эмэгтэйчүүдийг ирүүлэхээр хүн явуул.
18Тэд яаравчилж, бидний төлөө орь дуу тавиг.
Ингэснээр нүд маань нулимс дуслуулж,
Зовхи маань усаар дүүрнэ.
19Учир нь «Бид ямар их сүйрэв!
Бид гутамшиг болов.
Учир нь тэд сууцыг маань хаясан тул бид нутгийг орхин явжээ» гэсэн орь дуу Сионоос сонсогдсон билээ.”
20Эмэгтэйчүүд ээ, одоо
ЭЗЭНий үгийг сонсоцгоож,
Амнаас нь гарах үгийг та нарын чих хүлээн аваг.
Охиддоо орилохыг, хөрш бүрд нь гашуудлыг заа.
21Учир нь цонхоор маань дамжиж үхэл орж иржээ.
Гудамжнуудаас хүүхдүүдийг,
Хотын талбайнуудаас залуучуудыг устгахын тулд
Үхэл орднуудад маань орж иржээ.
22Яригтун,
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Хүмүүсийн хүүр задгай талбайнууд дээр бууц мэт унаж,
Тариа хадагчийн үлдээсэн юүж мэт байх боловч хэн ч цуглуулахгүй” хэмээв гээрэй.
23ЭЗЭН ингэж айлдаж байна. “Мэргэн хүн мэргэн ухаанаараа, хүч чадалтай хүн хүч чадлаараа, баян хүн нь эд баялгаараа бүү сайрхаг. 24Харин сайрхагч нэгэн нь Намайг ЭЗЭН гэж мэдэж ойлгодгоороо гагцхүү сайрхаг. Хайр энэрэл, шударга ёс, зөв шударгыг дэлхий дээр хэрэгжүүлдэг Би ЭЗЭН. Учир нь Би үүнийг таалдаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.#1Ко 1:31; 2Ко 10:17 25ЭЗЭН тунхаглаж байна. “Үзэгтүн, тээрхийн арьсаа л тануулсан тэр бүгдэд хандах өдрүүд ирж байна. 26Эдгээр Египет, Иуда, Едом, Аммоны хөвгүүд, Моаб ба цөлд амьдрагч санчигаа хусдаг#9:26 санчигаа хусдаг: Өөрсдийн бурхандаа хүндлэл үзүүлэн санчигаа хусдаг цөлийн хүмүүс. Ийм үйлийг израильчуудад хориглодог байв (Лев 19:27). бүгд мөн Израилийн хамаг гэр ч зүрхээ хозлуулаагүй аж.”
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 9: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.