Иеремиа 7:1-11
Иеремиа 7:1-11 АБ2013
Иеремиад ЭЗЭНээс ирж, айлдсан үг нь “ЭЗЭНий өргөөний хаалганы дэргэд зогсож, тэнд энэ үгийг тунхаглан хэлэхдээ «ЭЗЭНд мөргөхөөр энэ хаалгаар орж ирэгч Иудагийнхан бүгд ЭЗЭНий үгийг сонсоцгоо» гээрэй. Израилийн Бурхан, түг түмдийн ЭЗЭН ингэж хэлж байна. “Өөрсдийн зам болон үйлсээ залруул. Тэгээд Би та нарыг энэ газарт оршин суулгах болно. «Энэ бол ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм, ЭЗЭНий сүм» гэх хуурамч үгэнд бүү итгэ. Учир нь хэрэв та нар замаа болон үйлсээ үнэхээр залруулбал, хэрэв та нар хэн хүн ба хөршийнх нь хооронд шударга ёсыг үнэхээр хэрэгжүүлбэл, та нар ирмэл хүмүүсийг, өнчид, бэлэвсрэгсдийг дарлахгүй, энэ нутагт гэмгүй цусыг урсгахгүй, өөр бурхад уруу буюу сүйрэл уруугаа явахгүй бол та нарын эцэг өвгөдөд үүрд мөнхөд Миний өгсөн нутаг болох энэ газарт Би та нарыг суулгана. Үзэгтүн, та нар ямар ч хэрэггүй хуурамч үгэнд найдаж байна. Та нар хулгай хийж, алж, завхайран хуурамчаар тангараглаж, Баалд тахил өргөн, өөрсдийн мэддэггүй өөр бурхдын араас яваад, дараа нь ирж, нэрээр минь нэрлэгддэг энэ өргөөнд Миний өмнө зогсоод, эдгээр бүх жигшүүрт зүйлийг хийхийн тулд “Бид аврагдсан билээ!” гэж хэлэх нь үү? Нэрээр минь нэрлэгддэг энэ өргөө та нарын нүдэнд дээрэмчдийн үүр болсон уу? Үзэгтүн, Би, Би хүртэл харсан юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.