Иеремиа 38:1-13

Иеремиа 38:1-13 АБ2013

Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхиагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлсэн үгсийг сонсов. Тэрээр “ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.» ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргийн гарт лавтайяа тушаагдаж, тэр үүнийг олзолно» хэмээв” гэжээ. Тэгээд түшмэд хаанд —Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв. Ингээд Зедекиа хаан —Үзэгтүн, тэр гарт чинь байна. Та нарын эсрэг хаан юу ч хийж чадахгүй гэв. Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв. Тэгтэл хааны өргөөнд байсан тайган, етиоп хүн Ебед-мелех нь Иеремиаг тэд усан санд хийснийг сонсжээ. Хаан, Бениамины гулдан хаалган дээр сууж байв. Ебед-мелех хааны өргөөнөөс гарч, хаантай ярин — Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ энэ хүмүүс хорон мууг хийв. Хотод ямар ч талх байхгүй тул тэрээр байгаа газартаа өлсгөлөнгөөр үхнэ гэж айлтгав. Тэгтэл хаан, етиоп хүн Ебед-мелехт тушааж —Эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв. Ингээд Ебед-мелех хүмүүсийг аваад, хааны өргөөний агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав. Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад —Эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв. Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс дээш гаргахад, Иеремиа харуулын хашаанд үлдэв.