Иеремиа 38

38
Иеремиаг нөөцлүүрт хаяв
1Маттаны хүү Шефатиа, Пашхурын хүү Гедалиа, Шелемиагийн хүү Иукал болон Малхиагийн хүү Пашхур нар Иеремиагийн бүх ард түмэнд хэлсэн үгсийг сонсов. Тэрээр 2“ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хотод үлдэгч нь илд, өлсгөлөн ба тахлаар үхнэ. Харин халдеичууд уруу гарч явагч нь амьд гарч, амиа олз болгож, амьд үлдэнэ.» 3ЭЗЭН ингэж айлдаж байна. «Энэ хот Вавилоны хааны цэргийн гарт лавтайяа тушаагдаж, тэр үүнийг олзолно» хэмээв” гэжээ. 4Тэгээд түшмэд хаанд
—Энэ хотод үлдсэн дайчин эрс ба бүх ард түмэнд ийм үгсийг хэлж гарыг нь сулруулж байгаа тул энэ хүнийг алагтун. Энэ хүн энэ ард түмний сайн сайхныг бус, харин ч хор хөнөөлийг эрэлхийлж байна гэцгээв. 5Ингээд Зедекиа хаан
—Үзэгтүн, тэр гарт чинь байна. Та нарын эсрэг хаан юу ч хийж чадахгүй гэв. 6Тэгээд тэд Иеремиаг аваад, харуулын хашаанд байсан хааны хүү Малхийагийн нөөцлүүрт хаяв. Тэд Иеремиаг олсоор доошоо буулгажээ. Нөөцлүүрт ус байгаагүй зөвхөн шавар шавхай байсан бөгөөд Иеремиа шаварт шигдэв.
Ебед-мелех Иеремиаг аврав
7Тэгтэл хааны өргөөнд байсан тайган, етиоп хүн Ебед-мелех нь Иеремиаг тэд усан санд хийснийг сонсжээ. Хаан, Бениамины гулдан хаалган дээр сууж байв. 8Ебед-мелех хааны өргөөнөөс гарч, хаантай ярин
9Хаан эзэн минь, нөөцлүүрт хаясан эш үзүүлэгч Иеремиад үйлдсэн бүхэндээ энэ хүмүүс хорон мууг хийв. Хотод ямар ч талх байхгүй тул тэрээр байгаа газартаа өлсгөлөнгөөр үхнэ гэж айлтгав. 10Тэгтэл хаан, етиоп хүн Ебед-мелехт тушааж
—Эндээс гучин хүн аваад, эш үзүүлэгч Иеремиаг үхэхээс нь өмнө нөөцлүүрээс гаргаж авчир гэж хэлэв. 11Ингээд Ебед-мелех хүмүүсийг аваад, хааны өргөөний агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав. 12Тэгээд етиоп хүн Ебед-мелех Иеремиад
—Эдгээр хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүдийг олсны доогуур суган доороо хий гэхэд Иеремиа түүнчлэн үйлдэв. 13Ингээд тэд Иеремиаг олсоор татан гаргаж, нөөцлүүрээс дээш гаргахад, Иеремиа харуулын хашаанд үлдэв.
Иеремиатай Зедекиа дахин ярилцав
14Дараа нь Зедекиа хаан ЭЗЭНий өргөөн дэх гурав дахь үүд уруу эш үзүүлэгч Иеремиаг авчруулахаар илгээв. Хаан, Иеремиад
—Би чамаас юм асуух гэж байна. Надаас юу ч битгий нуу гэж хэлэв. 15Тэгэхэд Иеремиа, Зедекиад
—Хэрэв би чамд мэдүүлбэл, чи намайг лавтайяа алахгүй гэж үү? Би чамд зөвлөгөө өглөө ч чи намайг сонсохгүй гэв. 16Тиймээс Зедекиа хаан, Иеремиад нууцаар тангараглан
—Бидэнд энэ амийг бүтээгч ЭЗЭН амьд!#38:16 Эзэн амьд! Тухайн зүйлийг баттай хэмээн андгайлсан хэвшмэл хэллэг. Би чамайг үнэхээр алахгүй, амийг чинь хайгч энэ хүмүүсийн гарт өгөхгүй гэж хэлэв. 17Тэгэхэд Иеремиа, Зедекиад
—Түг түмдийн ЭЗЭН Бурхан, Израилийн Бурхан ингэж айлдаж байна. “Хэрэв чи Вавилоны хааны цэргийн ахмадууд уруу өөрөө гарч очвол, чи амьд гарч, энэ хот галдан шатаагдахгүй бөгөөд чи болон гэрийнхэн чинь амьд үлдэнэ. 18Харин та Вавилоны хааны ахмадууд уруу гарч очихгүй аваас энэ хот халдеичуудын гарт тушаагдах болно. Тэд түүнийг галдан шатааж, чи өөрөө ч гараас нь зугтахгүй” гэж хэлжээ. 19Тэгэхэд Зедекиа хаан, Иеремиад
—Би халдеичуудад урвасан иудейчүүдээс айж байна. Тэд намайг тэдний гарт өгч, тэд намайг доромжлох вий гэв. 20Гэвч Иеремиа
—Тэд чамайг өгөхгүй. Миний чамд хэлж байгаа зүйлээр ЭЗЭНий дуу хоолойг дагаач. Ингэснээр чиний хувьд ч сайн байж, чи амьд гарна. 21Харин хэрэв чи явахаас татгалзсаар байвал, ЭЗЭНий надад харуулсан үг энэ байна. 22“Үзэгтүн, Иудагийн хааны өргөөнд үлдсэн бүх эмэгтэй Вавилоны хааны цэргийн ахмадуудад аваачигдах бөгөөд тэд
«Дотнын найзууд чинь чамайг
уруу татаж, дийлэв.
Хөл чинь шаварт шигдсэн үед тэд
нуруугаа харуулан чамаас эргэсэн билээ»
гэцгээх болно. 23Тэд мөн бүх эхнэр, хөвгүүдийг чинь халдеичуудад гаргаж өгөх бөгөөд чи тэдний гараас зугтахгүй, харин Вавилоны хааны гарт баригдана. Энэ хот ч галдан шатаагдах болно” гэжээ. 24Тэгэхэд Зедекиа, Иеремиад
—Хэн ч энэ үгсийн талаар бүү мэдэг, тэгвэл чи үхэхгүй. 25Харин түшмэд намайг чамтай ярьсныг сонсоод, чам дээр ирж, чамд “Чи хаанд юу хэлснээ болон хааны чамд юу хэлснийг бидэнд одоо мэдүүл. Биднээс бүү нуу, тэгвэл бид чамайг алахгүй” гэж хэлбэл 26чи тэдэнд “Намайг Ионатаны гэрт, тэнд үхүүлэхээр бүү буцаагаач гэсэн гуйлтаа би хааны өмнө тавьж байсан юм” гэж хэлэх ёстой гэв. 27Дараа нь бүх түшмэл Иеремиа дээр ирж, түүнийг байцаав. Хааны тушаасан эдгээр үг бүхний дагуу тэдэнд тэрээр мэдүүлжээ. Мөнөөх яриа нь мэдэгдээгүй тул тэд түүнийг байцаахаа болив. 28Ингээд Иеремиа, Иерусалимыг эзлэгдэх өдрийг хүртэл харуулын хашаанд үлдэв. Тэгээд Иерусалим эзлэгджээ.#Езк 33:21

Одоогоор Сонгогдсон:

Иеремиа 38: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү