Иеремиа 34
34
Зедекиагийн тухай эш үзүүллэг
1Вавилоны хаан Небухаднезар болон бүх цэргүүд нь, эрх мэдлийнх нь доор байсан дэлхийн бүх хаанчлал ба бүх ард түмний хамт Иерусалимын эсрэг, бүх хотынх нь эсрэг дайтаж байх үед Иеремиад ЭЗЭНээс үг ирж,#2Ха 25:1–11; 2Шс 36:17–21 2“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. Явж, Иудагийн хаан Зедекиатай ярьж, түүнд «ЭЗЭН ингэж айлдаж байна. Үзэгтүн, Би энэ хотыг Вавилоны хааны гарт өгч байгаа бөгөөд тэр үүнийг галаар шатаана. 3Чи гараас нь зугтаахгүй. Учир нь чи лавтайяа олзлогдож, түүний гарт тушаагдана. Чи Вавилоны хааныг нүдээрээ харж, тэр чамтай нүүр нүүрээрээ ярьж, чи Вавилон уруу явна» гэж хэл. 4Гэлээ ч ЭЗЭНий үгийг сонсогтун! Иудагийн хаан Зедекиа! ЭЗЭН чиний талаар ингэж айлдаж байна. «Чи илдээр үхэхгүй. 5Чи амар тайван үхнэ. Чиний өмнө байсан урьдын хаад, эцэг өвгөдөд чинь зориулж уугиулсан шиг тэд чамд зориулж ч мөн уугиулна. Тэд чиний төлөө “Ай хөөрхий, эзэн!” гэж гашуудна. Учир нь Би үгээ айлдсан» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэв.
6Тэгээд эш үзүүлэгч Иеремиа эдгээр бүх үгийг Иудагийн хаан Зедекиад Иерусалимд хэлсэн бөгөөд 7тэр үед Вавилоны хааны цэргүүд Иерусалимын эсрэг болон Иудагийн үлдсэн бүх хот, Лахиш, Азека зэргийн эсрэг тулалдаж байв. Учир нь тэд Иудагийн хотуудын дунд бэхлэлт хот болон үлджээ.
Итгэл эвдсэн боолчлол
8Иерусалимд байсан бүх хүнд эрх чөлөөг тунхаглахын тулд Зедекиа тэдэнтэй гэрээ байгуулсны дараа ЭЗЭНээс Иеремиад үг иржээ. 9Хүн бүр эрэгтэй, эмэгтэй боол нь болох еврей эрэгтэй эсвэл еврей эмэгтэйг чөлөөлөх ёстой байв. Ингэснээр хэн ч ах дүү нь болох иудей хүнийг боолчлолд барихгүй байв. 10Хүн бүр эрэгтэй, эмэгтэй боолоо чөлөөлөх ёстой бөгөөд ингэснээр хэн ч тэднийг дахин боолчлолд барихгүй гэсэн гэрээнд нэгдсэн бүх түшмэл болон бүх хүн дагалаа. Тэд дагаж, тэднийг чөлөөлөв. 11Гэвч дараа нь тэд эргээд өөрсдийн чөлөөлсөн эрэгтэй, эмэгтэй боолуудаа буцаан аваад, эрэгтэй, эмэгтэй боолуудаа эрхшээлдээ оруулжээ. 12Тэгэхэд ЭЗЭНий үг Иеремиад ЭЗЭНээс ирж, 13“Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. «Би та нарын эцэг өвгөдийг боолчлолын гэрээс, Египет нутгаас гаргаж авчирсан тэр өдөр тэдэнтэй гэрээ байгуулж, 14“Долоон жилийн эцэст та нарын хүн нэгбүр нь та нарт зарагдсан бөгөөд зургаан жил та нарт үйлчилсэн еврей ах дүүгээ чөлөөлж, түүнийг өөрөөсөө эрх чөлөөтэйгөөр явуулах ёстой. Харин та нарын эцэг өвгөд Намайг дагаагүй, Надад чихээ тавиагүй.#Гэт 21:2; Дх 15:12 15Хэдийгээр саяхан та нар эргэж, хүн нэгбүр хөршдөө эрх чөлөөг тунхаглан мэлмийд минь зөв зүйтэйг үйлдэж, нэрээр минь дуудагдсан өргөөнд Миний өмнө гэрээ байгуулсан боловч 16та нар эргэж, нэрийг минь бузарлаж, тэдний хүслийн дагуу өөрсдийн чөлөөлсөн эрэгтэй, эмэгтэй боолоо хүн нэгбүр буцааж авсан бөгөөд та нар тэднийг эрэгтэй, эмэгтэй боолоо болгохоор эрхшээлдээ оруулсан билээ” гэж айлджээ» хэмээв. 17Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хүн нэгбүр ах дүүдээ болон хөршдөө эрх чөлөөг тунхаглах талаар та нар Намайг дагасангүй. Үзэгтүн, Би та нарт илд, тахал болон өлсгөлөнг эрх чөлөө болгон тунхаглаж байна. Би та нарыг дэлхийн бүх хаанчлалд аймшиг болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна. 18«Тэд тугалыг хоёр хэсэгт огтолж, хэсгүүдийнх нь дундуур өнгөрчээ. Миний өмнө өөрсдийн байгуулсан гэрээний үгсийг биелүүлээгүй, гэрээг минь зөрчсөн хүмүүсийг буюу 19тугалын хэсгүүдийн дундуур өнгөрсөн Иудагийн түшмэд, Иерусалимын түшмэд, шүүхийн түшмэд, тахилч нарыг болон нутгийн бүх хүнийг 20Би дайснуудынх нь гарт болон тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт тушаана. Тэдний хүүр тэнгэрийн шувууд, газрын араатны идэш болно. 21Иудагийн хаан Зедекиаг болон түшмэдийг нь Би дайснуудынх нь гарт, тэдний амийг эрэгч хүмүүсийн гарт болон та нараас холдон явсан Вавилоны хааны цэргүүдийн гарт тушаана. 22Үзэгтүн, Би тушаах гэж байгаа бөгөөд Би тэднийг энэ хотод буцааж авчирна. Тэд үүний эсрэг тулалдаж, үүнийг эзэлж аваад, галдан шатаана. Би Иудагийн хотуудыг оршин суугчгүй, зэлүүд газар болгоно» гэж ЭЗЭН тунхаглаж байна” гэжээ.
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 34: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.