Иеремиа 22
22
Гэмших ятгалга
1ЭЗЭН ингэж айлдаж байна. “Иудагийн хааны гэрт очоод тэнд энэ үгийг хэл. 2«Давидын сэнтийд суудаг Иудагийн хаан аа, чи болон зарц нар чинь мөн энэ хаалгуудаар орж ирдэг чиний хүмүүс, ЭЗЭНий үгийг сонстугай. 3ЭЗЭН ингэж айлдаж байна. “Шударга ёсыг болон зөв шударгыг үйлдэж, дээрэмдүүлсэн нэгнийг дарангуйлагчийн гараас авар! Мөн ирмэл хүн, өнчин эсвэл бэлэвсэн хүнд буруугаар бүү ханд, бүү хүчирхийл. Энэ газарт гэмгүй цусыг бүү урсга! 4Учир нь хүмүүс та нар үнэхээр үүнийг үйлдвэл Давидын сэнтийд сууж тэрэг хөлөглөн морьд унасан хаад, тэдний зарц нар болон ард түмэн нь энэ гэрийн дааман хаалгаар орж ирэх болно. 5Харин хэрэв та нар эдгээр үгсийг эс сонсвоос энэ гэр балгас болно гэдгийг Би Өөрөөрөө тангараглая” гэж ЭЗЭН тунхаглаж байна.»”#Мт 23:38; Лк 13:35 6Учир нь Иудагийн хааны гэрийн талаар ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Чи Надад Гилеад, Ливаны оргил юм.
Чамайг Би цөл мэт суурьшилгүй хот болгохгүй бол доо!
7Учир нь тусбүрдээ зэвсэг агссан сүйтгэгчдийг
Би чиний эсрэг тавина.
Тэд шилмэл хушнуудыг чинь огтолж, гал уруу хаяна.
8Олон үндэстэн энэ хотын хажуугаар өнгөрөх болно. Тэд нэг нэгэндээ «ЭЗЭН яагаад энэ агуу хотод энэ мэтийг үйлдэв?» гэцгээнэ. 9Тэгээд тэд хариулахдаа «Учир нь тэд Бурхан ЭЗЭНийхээ гэрээг орхиж, өөр бурхдад мөргөн, тэдэнд үйлчилсэн юм» гэх болно.”
10Үхсэний төлөө бүү уйл, бүү гашууд.
Одсон нэгний төлөө харин уйл.
Учир нь тэрээр хэзээ ч эргэж ирэхгүй,
Төрөлх нутгаа ч харахгүй.
Иосиагийн хүүд хүргэх мэдээ
11Учир нь энэ газраас одсон, эцэг Иосиагийнхаа байранд хаан болсон, Иосиагийн хүү Иудагийн хаан Шаллумын талаар ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тэр хэзээ ч ийшээ буцаж ирэхгүй.#2Ха 23:31–34; 2Шс 36:1–4 12Харин түүнийг олзлон аваачсан газарт тэр үхэж, энэ нутгийг дахин харахгүй.
13Гэрээ зөв бусаар,
Дээд лаврингуудаа шударга бусын дагуу баригч нь хөөрхий еэ!
Хөршдөө хөлсийг нь өгөлгүй, хоосон ажиллуулагч нь хилэнцтэй еэ!
14Тэр нь «Би өөртөө зайтай, дээд лаврингуудтай, хэмжээгүй том байшин барьж,
Цонхнуудыг нь ухаж гаргаад
Хушаар хавтаслан, хурц улаанаар будна» гэж хэлдэг.
15Чи хушаар өрсөлдөж байгаа тул хаан мөн үү?
Эцэг чинь идэж ууж, шударга ёс болон зөв шударгыг үйлдээгүй гэж үү?
Тэгээд л тэр сайн байв.
16Тэрээр зовсон болон ядуу нэгний хэргийг шүүсэн.
Тэгээд л сайн байв.
Энэ нь Намайг мэдэхийн төлөө гэсэн үг бус уу?” гэж
ЭЗЭН тунхаглаж байна.
17“Гэтэл нүд хийгээд зүрх чинь
Зөвхөн шударга бус орлогод,
Гэмгүй цусыг урсгахад,
Дарангуйлал болон хүчирхийлэл хийхэд ханджээ.”
18Тиймээс Иосиагийн хүү, Иудагийн хаан Иехоиакимын талаар
ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Тэд түүний төлөө «Ай хөөрхий, ах минь!»
эсвэл «Ай хөөрхий, эгч минь!» гэж гашуудахгүй.
Тэд түүний төлөө «Ай хөөрхий, эзэн минь!»
эсвэл «Ай хөөрхий, түүний сүр жавхлан!» гэж гашуудахгүй.#2Ха 23:36—24:6; 2Шс 36:5–7
19Тэрээр чирэгдэн Иерусалимын гулдан хаалганаас цааш шидэгдэн
Илжигний оршуулгаар оршуулагдана.
20Ливан уруу өгсөж, хашхирч,
Башанд дуугаа өндөрсгө.
Мөн Абаримаас хашхир!
Учир нь бүх амраг чинь бяцарчээ.
21Сайн сайхан үед чинь Би чамд хэлсэн боловч
Чи «Би сонсохгүй!» гэсэн.
Чи дуу хоолойг минь дагаагүй нь
Залуугаасаа л зам чинь байв.
22Бүх хоньчдыг чинь салхи хийсгэн хамж,
Амрагууд чинь олзлогдоно.
Тэгэхэд чи бүх хилэнцэт явдлаасаа болж
Лавтайяа ичиж, доромжлогдоно.
23Хушинд үүрлэж, Ливанд амьдрагч чамайг
Хүүхдээ төрүүлэх гэж өвдөж буй эмэгтэйнх шиг
Хүчтэй өвтгөхөд чи яаж ёолох бол!”
Кониад ногдох шүүлт
24ЭЗЭН тунхаглаж байна. “Би амьд! Иудагийн хаан Иехоиакимын хүү Кониа нь Миний баруун мутар дахь тамга байсан хэдий ч Би чамайг сугалж гаргая.#2Ха 24:8–15; 2Шс 36:9–10 25Би чамайг амийг чинь эрж буй хүмүүсийн гарт, тийм ээ, чиний айдаг хүмүүсийн гарт, Вавилоны хаан Небухаднезарын болон халдеичуудын гарт тушаана. 26Би чамайг болон чамайг төрүүлсэн эхийг чинь та нарын төрөөгүй өөр нутаг уруу чулуудах бөгөөд тэнд чи үхнэ. 27Харин тэд буцахыг хүсэж буй нутагтаа, тийш тэд буцахгүй.
28Кониа гээч энэ хүн
басамжлагдсан, эвдэрч бутарсан ваар уу?
Эсвэл тэр хэнд ч таалагддаггүй сав юм уу?
Яагаад тэр болон үр удам нь чулуудуулж,
Өөрсдийн үл мэдэх нутаг уруу зайлуулагдав?
29Ээ нутаг аа, нутаг аа, нутаг аа,
ЭЗЭНий үгийг сонс!
30ЭЗЭН ингэж айлдаж байна.
«Энэ хүнийг үр хүүхэдгүй,
Өөрийн өдрүүддээ бүтэлгүй хүн гэж бич.
Учир нь удмынх нь ямар ч хүн Давидын сэнтийд залран
Иудаг цааш захирахгүй» хэмээв.”
Одоогоор Сонгогдсон:
Иеремиа 22: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.