Иеремиа 15:10-21

Иеремиа 15:10-21 АБ2013

Золгүй еэ! Ээж минь, та намайг бүх газар нутагт хэрүүл маргааны хүн болгож төрүүлжээ! Би зээлдүүлээгүй, хүнээс мөнгө зээлээгүй. Гэтэл хүн бүр намайг хараах юм. ЭЗЭН айлдахдаа “Би сайн сайхны төлөө чамайг лавтай чөлөөлнө. Гай гамшиг, зовлон шаналангийн үед Би дайснаар чинь чамайг хангуулах болно. Хэн нэгэн нь төмрийг, Хойд зүгээс ирэх төмрийг эсвэл хүрлийг хагалж чадах уу? Чиний эд баялаг ба эрдэнэсийг Би Үнэгүйгээр олзонд өгнө. Бүх нүглийн чинь учир Бүр бүх л хязгаар нутагт чинь ингэх болно. Тэгээд Би дайснуудаар чинь чамайг Мэдэхгүй нутагт чинь авчруулна. Учир нь уур хилэнд минь гал ноцоогдсон бөгөөд Тэр нь чиний дээр шатах болно” гэв. Та мэддэг билээ, ЭЗЭН, намайг санан ажиглаж, Намайг хавчигчдаас өшөөг минь миний өмнөөс аваач. Тэвчээр дотроо багтааж, Намайг бүү зайлуулаач. Таны төлөө гэсэндээ би зэвүүцлийг тэсвэрлэдгийг мэдээч. Үгс тань олдоход би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон Зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түг түмдийн Бурхан ЭЗЭН, Таны нэрээр би дуудагдсан билээ. Наргин баясагчдын чуулалд би суугаагүй, би цэнгээ ч үгүй. Таны мутрын улмаас би ганцаараа суусан. Учир нь Та намайг эгдүүцлээр дүүргэсэн билээ. Яагаад миний шаналал дуусашгүй, Шарх минь эмчлэгдэшгүй бас эдгэршгүй байна вэ? Та миний хувьд найдваргүй устай хуурамч горхи адил байх юм уу? Тиймээс ЭЗЭН ингэж айлдаж байна. “Хэрэв чи буцаж ирвэл, Би чамайг сэргээх болно. Чи Миний өмнө зогсох болно. Хэрэв чи үнэгүйгээс үнэтэйг гаргаж авбал, Чи Миний төлөө яригч болно. Тэдний зүгээс тэд чам уруу эргэж магадгүй, Харин чиний хувьд Чи тэдэн уруу эргэж болохгүй. Тэгээд Би чамайг энэ ард түмэнд Бэхлэгдсэн хүрэл хэрэм болгоно. Тэд чиний эсрэг хичнээн тулалдавч, чамайг дийлэхгүй. Учир нь чамайг аварч чөлөөлөхөөр Би чамтай хамт байна” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тиймээс Би чамайг хорон муугийн гараас чөлөөлж, Хүчирхийлэгчийн барьцнаас золино.”