Шүүгчид 7:7-22

Шүүгчид 7:7-22 АБ2013

ЭЗЭН, Гидеонд —Ус долоогч гурван зуун хүнээр Би та нарыг аварч, мидианчуудыг чиний гарт өгнө. Харин үлдсэн бүх хүнийг гэр гэрт нь хариул гэж айлдав. Тиймээс тэд бусдынхаа замын хүнс болон эвэр бүрээг гартаа авчээ. Гидеон Израилийн бүх эрчүүдийг өөр өөрсдийнх нь майхан уруу буцаан явуулж, харин гурван зуун хүнийг тэр тэндээ авч үлдэв. Мидианы цэргийн хуаран нь түүний доор, хөндийд байв. Тэр шөнөдөө ЭЗЭН, Гидеонд —Бос, тэр цэргийн хуаран уруу оч. Би түүнийг чиний гарт өгсөн. Хэрэв чи явахаасаа айж байвал өөрийн зарц Пуратай хамт цэргийн хуаран уруу оч. Чи тэдний юу ярилцаж байгааг сонс. Ингэсний дараа гар чинь хүчирхэгжиж чи хуаран уруу бууж очиж чадах болно гэв. Тэгээд Гидеон, зарц Пурагийн хамт хуаран дахь харуулын захад бууж ирэв. Мидианчууд, амалекчууд болон дорнын бүх хөвгүүд хөндийд царцаа мэт олноороо ханаран байв. Тэдний тэмээнүүд нь далайн эргийн элс мэт тоо томшгүй олон байв. Гидеон тэнд очиход, харагтун, нэгэн хүн найздаа зүүдээ ярьж байв. Тэр —Үзэгтүн, би нэгэн зүүд зүүдэллээ. Харагтун, зүүдэнд арвайн гурилаар хийсэн нэгэн бин мидианчуудын цэргийн хуаранд өнхөрч ирэв. Тэр өнхөрч ирээд майханд хүрч мөргөсөнд майхан нурж унасан ба бин түүнийг хөмрүүлэн нураав гэв. Тэгэхэд түүний найз нь —Энэ чинь израиль хүн, Иоашийн хөвгүүн Гидеоны илднээс гарцаагүй. Мидиан болон бүх цэргийн хуаранг Бурхан түүний гарт өгчээ гэж хариулав. Гидеон зүүдний өгүүлэл болон тайллыг нь сонсоод сөгдөн мөргөв. Тэгээд Израилийн цэргийн хуаранд буцаж ирээд —Босогтун! ЭЗЭН, Мидианы хуаранг та нарын гарт өгчээ гэж тунхаглав. Тэгээд тэр гурван зуун хүнээ гурван бүлэгт хувааж, хүн бүрийн гарт эвэр бүрээ болон хоосон ваар бариулж, ваарны дотор бамбар хийлгэв. Гидеон тэдэнд —Намайг харж, дуурайн үйлдэгтүн. Харагтун. Би цэргийн хуарангийн захад хүрээд юуг үйлдэнэ та нар ч мөн адил үйлдэгтүн. Би болон надтай хамт байгчид бүгд эвэр бүрээ үлээхэд та нар ч бас хуаранг бүхэлд нь тойрон эвэр бүрээг үлээж дуугарган, “ЭЗЭНий төлөө, Гидеоны төлөө” хэмээн хашхирагтун гэв. Ингээд Гидеон болон түүнтэй хамт байсан зуун хүн шөнө дундын харуул эхлэх цагт хуарангийн захад хүрэв. Тэнд харуул дөнгөж солигдоод байв. Тэд эвэр бүрээгээ үлээж хүнгэнүүлэн, гартаа байсан ваарыг цохиж хагалав. Гурван бүлэг бүрээ үлээн хүнгэнүүлж, ваараа цохиж хагалан, зүүн гартаа бамбараа барьж, баруун гартаа бүрээгээ барин чанга үлээж —Илд ээ, ЭЗЭНий төлөө болон Гидеоны төлөө гэж чангаар хашхирав. Тэд цэргийн хуаранг хүрээлэн, хүн бүр өөрийн байранд зогсоцгоов. Тэгтэл хуаран даяараа гүйлдэн, бархирч орилолдон зугтав. Гурван зуун хүнийг эвэр бүрээ үлээн дуугаргах үед ЭЗЭН бүхэл цэргүүдийн дунд нэгнийх нь илдийг нөгөөгийнх нь эсрэг зөрөлдүүлсэнд цэргүүд Зерерагийн зүг орших Бет-шитта болон Таббатын ойролцоох Абел-мехолагийн хил хязгаар хүртэл зугтацгаав.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна