Шүүгчид 6

6
Мидианы дарангуйлал
1Израилийн хөвгүүд ЭЗЭНий мэлмийд ёрын мууг үйлдэв. ЭЗЭН тэднийг долоон жилийн турш Мидианы гарт өгөв. 2Мидианы гар Израилийн дээр хүчтэй болов. Мидианаас болж, Израилийн хөвгүүд өөрсдөдөө нуувч болгон уул, агуй болон бэхлэлт дотор хоргодох газруудыг бэлтгэжээ. 3Израиль тариа тарих үед мидианчууд нь амалекчууд ба дорнын хөвгүүдийн хамт тэдний эсрэг довтлон ирдэг байлаа. 4Тэгээд тэдний эсрэг хуарагнан сууж, Газ хүртэлх газрын үр жимсийг цөлмөдөг байв. Тэд израильчуудад хонь, үхэр, илжиг, хүнс залгуулах юуг ч үлдээдэггүй байв. 5Учир нь тэд өөрсдийн мал сүрэг болон майхантайгаа ирдэг байсан юм. Тэд болон тэдний тэмээнүүд нь царцаа мэт тоолшгүй олноороо ирдэг байлаа. Тэд газар нутгийг цөлмөхийн тулд орж ирсэн билээ. 6Ингэж Мидианаас болоод Израиль ихэд хоосров. Израилийн хөвгүүд тусламж гуйн ЭЗЭНд хашхирав. 7Мидианаас болж Израилийн хөвгүүд ЭЗЭНд гуйн хашхирлаа. 8Израилийн хөвгүүдэд ЭЗЭН нэгэн эш үзүүлэгчийг илгээв. Тэр эш үзүүлэгч тэдэнд
—Израилийн Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би та нарыг Египетээс удирдан гаргаж, та нарыг боолчлолын гэрээс гарган авчирсан. 9Би та нарыг египетчүүдийн гараас болон та нарыг дарангуйлагч бүгдийн гараас авран чөлөөлж, тэднийг та нарын өмнөөс хөөн зайлуулж, тэдний газар нутгийг нь та нарт өгсөн. 10«Би ЭЗЭН, та нарын Бурхан. Та нар амьдран сууж байгаа нутгийнхаа аморичуудын бурхдаас бүү эмээ» гэж Би та нарт хэлсэн. Харин та нар Миний дуу хоолойг эс сонсов” гэлээ.
Гидеоны дуудлага
11Абиезри хүн Иоашийн эзэмшил Офра дахь царс модон доор ЭЗЭНий тэнгэрэлч ирж суув. Тэр үед Иоашийн хөвгүүн Гидеон мидианчуудаас нуун авч үлдэхийн тулд буудайгаа усан үзмийн шахуурга дотор цайруулж байв. 12ЭЗЭНий тэнгэрэлч түүнд үзэгдэн
—Эрэлхэг хүчит дайчин минь, ЭЗЭН чамтай хамт байна гэсэнд 13Гидеон хариулан
—Эзэнтэн минь ээ, хэрэв ЭЗЭН бидэнтэй хамт байдаг юм бол яагаад энэ бүгд бидэнд тохиолдоно вэ? Мөн бидний өвөг дээдэс “ЭЗЭН, биднийг удирдан Египетээс авчирсан” гэж бидэнд хуучилсан тэр бүх гайхамшгууд нь хаана байна вэ? Харин одоо биднийг ЭЗЭН орхиж Мидианы гарт өгчээ гэхэд 14ЭЗЭН түүнд хандан
—Чи өөрийн хүчээр явж, Израилийг Мидианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа бус уу? гэв. 15Гидеон Түүнд
—Эзэн минь ээ, би Израилийг аварч яахан чадах вэ? Үзэгтүн, манай бүл Манассе дотроос хамгийн дорой нь төдийгүй би эцгийнхээ гэрт хамгийн отгон нь шүү дээ гэсэнд 16ЭЗЭН түүнд
—Би чамтай хамт байх болно. Ганц хүнийг цохих мэт чи Мидианыг цохино гэв. 17Гидеон Түүнд
—Хэрэв би Таны мэлмийд тааллыг олсон бол надтай ярилцаж буй нь Та мөн гэсэн тэмдгийг надад харуулаач. 18Би өргөлөө авч Тан дээр буцаж ирээд Таны өмнө тавих хүртэл эндээс битгий яваач! гэхэд ЭЗЭН
—Чамайг буцаж иртэл Би байх болно гэж айлдав. 19Гидеон явж, нэгэн ишиг төхөөрч, нэг ефа гурилаар исгээгүй талх хийж, ишигний махыг сагсан дотор, шөлийг нь тогоонд хийж, царс модны доор байгаа тэнгэрэлчид тэдгээрийг авч ирээд түүнд өргөв. 20Бурханы тэнгэрэлч, Гидеонд
—Мах болон исгээгүй талхыг авч энэ хадан дээр тавиад шөлийг дээрээс нь асга гэв. Тэр тийн үйлдэхэд 21ЭЗЭНий тэнгэрэлч гартаа байсан таягийн үзүүрийг мах ба исгээгүй талханд хүргэмэгц хаднаас гал дүрэлзэн мах ба исгээгүй талхыг шатааж барав. Тэгээд ЭЗЭНий тэнгэрэлч зайлан одож үзэгдэхгүй болов. 22Тэр Нэгэн нь ЭЗЭНий тэнгэрэлч байсныг Гидеон хараад
—А-яа, Эзэн БУРХАН минь! Би ЭЗЭНий тэнгэрэлчийг харав. Түүнтэй нүүр нүүрээрээ тулав гэсэнд 23ЭЗЭН
—Амар тайван байгтун. Бүү ай. Чи үхэхгүй хэмээн түүнд айлдав. 24Гидеон тэнд ЭЗЭНд зориулан тахилын ширээ босгож, түүнийгээ ЭЗЭН бол амар тайван гэж нэрлэв. Тэр нь энэ өдрийг хүртэл абиезричуудын Офрад байгаа билээ. 25Тэр шөнөдөө ЭЗЭН, Гидеонд
—Чи эцгийнхээ бухыг, долоон настай өөр бухын хамт авч,#6:25 эсвэл эцгийнхээ долоон настай нэг бухыг авч эцгийнхээ Баалын тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь буй Ашерагийн баганыг тайрч унага. 26Энэ хадны оройд чи өөрийн Бурхан ЭЗЭНд зориулан тахилын ширээг зөв аргаар босгогтун. Тайрч унагасан Ашерагийн баганын модыг ашиглан хоёр дахь#6:26 эсвэл тэр бухаар бухаар шатаалт тахилыг өргөгтүн гэж айлдав. 27Тэгээд Гидеон зарц нарынхаа дундаас арван эрийг авч, ЭЗЭНий өөрт нь айлдсан ёсоор үйлдэв. Тэрээр эцгийнхээ гэрийнхнээс болон хотын хүмүүсээс ихэд эмээж байсан тул үүнийг өдөр хийлгүй, шөнөөр үйлдэв.
Баалын тахилыг Гидеон сүйтгэв
28Хотын хүмүүс өглөө нь эртлэн босоход, харагтун, Баалын тахилын ширээг нураан хаяж, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч унагаад, шинээр босгосон тахилын ширээн дээр хоёр дахь бухаар тахил өргөсөн байв. 29Тэд өөр хоорондоо
—Хэн үүнийг үйлдэв? гэж ярилцав. Тэгээд тэд асууж, шалгаан
—Иоашийн хөвгүүн Гидеон ийм зүйл үйлдсэн гэлцэв. 30Тэгээд хотын хүмүүс Иоашд
—Хүүгээ гаргаад ир. Тэр Баалын тахилын ширээг нураан, дэргэд нь байсан Ашерагийн баганыг тайрч хаясан тул үхэх ёстой гэсэнд 31Иоаш өөр уруу нь давшлан зогсож буй бүгдэд
—Баалын төлөөнөөс заргалдан тэмцэх гээ юү? Түүнийг аврах хүмүүс нь та нар юм уу? Баалын төлөөнөөс заргалдан тэмцэгч нь өглөө гэхэд алагдаг. Түүний тахилын ширээг нураасан болохоор Баал бурхан л юм бол өөрийнхөө төлөө өөрөө заргалдан тэмцэг гэв. 32Тэр өдөр Гидеонд “Иеруббаал” гэдэг нэрийг өгөв. Ийнхүү тэр Баалын тахилын ширээг нураасан тул “Баал өөрийнхөө төлөө өөрөө заргалдан тэмцэг” гэсэн нэр авчээ. 33Дараа нь бүх мидианчууд, амалекчууд болон дорнын хөвгүүд нэгдэж Иордан голыг гатлаад Иезреелийн хөндийд хуарагнан буув. 34Харин ЭЗЭНий Сүнс Гидеоныг бүрхсэнээр тэр эвэр бүрээ үлээхэд түүнийг дагахаар абиезричууд дуудагдан цуглав. 35Гидеон Манассе даяар элч нарыг илгээсэнд тэд ч гэсэн түүнийг дагахаар цугларцгаав. Тэр бас Ашер, Зебулун болон Нафтали уруу элч нарыг илгээсэнд тэд өнөө хэдтэй нэгдэхээр ирцгээв.
Ноосоор тэмдэг үзүүлэв
36Ингээд Гидеон, Бурханд
—Хэрэв Та айлдсан ёсоороо миний гараар Израилийг аврах гэж байгаа бол, 37харагтун, би хяргасан ноосыг үтрэмийн шалан дээр тавина. Хэрэв зөвхөн ноосон дээр л шүүдэр бууж, хамаг газар хуурай байвал, Та амласан ёсоороо миний гараар Израилийг аврах болно гэдгийг чинь би мэдье гэв. 38Тэр ёсоор болов. Гидеон өглөө нь эртлэн босоод, нөгөө ноосоо мушгин шүүдрийг нь шавхарсанд аяга дүүрэн ус гаргав. 39Тэгэхэд Гидеон, Бурханд
—Би дахин нэг ярихад Таны хилэн миний эсрэг бүү шатаг! Энэ ноосоор дахин нэг удаа шалгаж үзэхийг зөвшөөрөөч. Одоо энэ ноосыг эс норгож, харин бусад бүх газарт шүүдэр буулгаж өгөөч гэв. 40Тэр шөнө Бурхан тийн үйлдэв. Зөвхөн ноос хуурай байж, харин бүх газар шүүдэр буусан байв.

Одоогоор Сонгогдсон:

Шүүгчид 6: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна