Шүүгчид 16:23-31

Шүүгчид 16:23-31 АБ2013

Филистийн ноёд “Бидний дайсан Самсоныг манай бурхан бидний гарт тушаав” гэж хөөрцгөөн, өөрсдийн бурхан Дагонд нэгэн их тахил өргөн баярлахаар цуглацгаав. Ард олон Самсоныг хараад, өөрсдийн бурхныг магтан “Улс орныг минь сүйтгэж, биднээс олныг хороосон дайсныг маань манай бурхан бидний гарт тушаав” гэцгээв. Тэдний зүрх хөөрөхөд тэд —Самсоныг дуудан авчир. Тэр биднийг зугаацуулаг хэмээн хашхирцгаав. Тийнхүү тэд Самсоныг шоронгоос дуудан гаргасан бөгөөд тэр тэднийг зугаацуулах учиртай байв. Тэд Самсоныг баганануудын хооронд зогсоосон байлаа. Тэрээр гарыг нь барьж байсан залууд —Энэ дуганы тулгуур багананд хүрч, түшихийг зөвшөөрөөч гэв. Дуган дүүрэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс байсан бөгөөд Филистийн ноёд бүгд тэнд байв. Самсон хэрхэн зугааг нь гаргахыг харан дуганы дээвэр дээр бараг гурван мянган эрэгтэй, эмэгтэй хүн зогсож байлаа. Тэгэхэд Самсон ЭЗЭНийг дуудан —Эзэн БУРХАН намайг санан соёрхооч. Өө, Бурхан минь, зөвхөн энэ удаа л надад хүчийг өгөөч. Би хоёр нүднийхээ төлөө филистчүүдээс ганцхан л удаа өшөөгөө авъя хэмээн гуйв. Самсон дуганыг тулж байсан голын хоёр баганын нэгийг нь баруун гараараа, нөгөөг нь зүүн гараараа тулав. Тэгээд Самсон —Филистчүүдтэй хамт амиа алдъя хэмээн өгүүлж, хамаг чадлаараа түлхсэнд дотор нь байсан ноёд болон бүх ард олон дээр дуган нурж унав. Ийнхүү Самсоны үхэхдээ алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч олон болов. Дараа нь түүний ах дүүс ба эцгийнх нь гэрийн хүмүүс бүгд буун ирж, түүнийг өргөн авч, Зора ба Ештаолын хооронд орших эцэг Маноагийн булшинд авчран оршуулав. Самсон ийн хорин жил Израилийг шүүжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна