Иаков 4:1-17
Иаков 4:1-17 АБ2013
Та нарын дундах хэрүүл болон зөрчил хаанаас гарна вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй хүслүүдээс чинь гардаг бус уу? Та нар шунадаг бөгөөд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бөгөөд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй. Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар өөрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруугаар гуйдаг байна. Завхай эмс ээ, ертөнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр хорвоотой ходий хэн боловч өөрийгөө Бурханы дайсан болгож байгаа юм. Эсвэл Бичвэр дэмий хоосноор “Бидний дотор Түүний нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг” хэмээсэн гэж та нар бодож байна уу? Гэвч Тэр илүү их нигүүлсэл өгдөг. Тиймээс “Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл өгдөг” гэдэг. Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна. Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга. Шанал, гашууд, уйл. Инээд чинь гашуудал болог. Баяр хөөр чинь уйтгар гуниг болог. Эзэний өмнө өөрсдийгөө даруу болго. Тэгвэл Тэр та нарыг өргөмжлөх болно. Ах дүү нар аа, бие биенээ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл ах дүүгээ шүүдэг нь хуулийг гүжирдэгч болон хуулийг шүүгч юм. Хэрэв чи хуулийг шүүвэл чи хуулийг биелүүлэгч биш, харин шүүгч аж. Хууль Тогтоогч ба Шүүгч нь зөвхөн ганц байдаг бөгөөд Тэр нь аварч ч, устгаж ч чадна. Харин хөршөө шүүгч чи хэн юм бэ? “Өнөөдөр, эсвэл маргааш бид тийм тийм хотод очиж явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ашиг олно” гэж яригч та нар одоо наашаа ирэгтүн. Амь чинь маргааш ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан шүү дээ. Та нар харин оронд нь “Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ” гэж ярь. Харин үүнтэй адил, та нар ихэмсэг зандаа сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь ёрын муу юм. Тиймд зөвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгсдэд энэ нь нүгэл болой.