Иаков 2:14-25
Иаков 2:14-25 АБ2013
Ах дүүс минь, хэрэв хүн “Надад итгэл бий” гэсэн атлаа үйлсгүй бол ямар ашигтай юм бэ? Итгэл нь түүнийг аварч чадна гэж үү? Хэрэв ах дүү чинь, эсвэл эгч дүү чинь нүцгэн, өдөр тутмын хоолоор дутагдаж байхад нь, та нарын нэг нь тэдэнд “Амар тайван яв. Дулаацах болтугай, цадах болтугай” гэж хэлчихээд биед нь хэрэгцээтэй байгаа зүйлсийг нь тэдэнд өгөхгүй бол ямар ашигтай юм бэ? Иймээс ч итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм. Гэвч хэн нэг чинь “Чамд итгэл байна, надад үйлс байна. Чи надад итгэлээ үйлсгүйгээр харуул. Би чамд итгэлээ үйлсээрээ харуулъя” гэж хэлж болох юм. Бурхан бол ганц гэдэгт чи итгэдэг. Энэ чинь сайн. Чөтгөрүүд ч үүнд итгэдэг бөгөөд бэмбэгнэдэг юм. Хоосон хүн ээ, харин чи үйлсгүй итгэл нь ашиггүй гэдгийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байна уу? Бидний эцэг Абрахам тахилын ширээн дээр хүү Исаакаа өргөхдөө үйлсээрээ зөвтгөгдсөн биш үү? Итгэл нь түүний үйлстэй хамт ажиллаж байсныг, итгэл нь үйлсээр гүйцэд болсныг чи харж байна. “Бурханд Абрахам итгэсэн. Үүгээр нь түүнийг зөвд тооцсон юм” гэж өгүүлдэг Бичвэр биелэгдсэн бөгөөд Бурханы анд нөхөр гэж Абрахам дуудагдах болсон. Хүн зөвхөн итгэлээр бус, үйлсээр зөвтгөгддөгийг та нар харж байна. Мөн үүний адилаар янхан эм Рахаб зарлага элч нарыг хүлээн авч, тэднийг ондоо замаар явуулахдаа үйлсээрээ бас зөвтгөгдөөгүй гэж үү?