Иаков 1:5-18
Иаков 1:5-18 АБ2013
Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно. Харин тэр ямар ч эргэлзээгүйгээр итгэлээрээ гуйг. Учир нь эргэлзэгч нэгэн бол салхиар туугдан давалгаалах тэнгисийн долгио мэт ажээ. Тийм хүн Эзэнээс юм авна гэж бүү санаг. Хоёр санаатан нь бүх үйлдээ тогтворгүй байдаг юм. Харин эгэл дорд ах дүү нь өргөмжлөлдөө, баян хүн дордохуйдаа сайрхаг. Учир нь тэр өвс ногооны цэцэг мэт өнгөрнө. Нар аагим халуунаар төөнөн гарч өвсийг гандаахад цэцэг нь унаж, гоё сайхан байдал нь устдаг. Үүний адил баян хүн ч замдаа тийнхүү үрэгдэх болно. Сорилтыг тэсвэрлэдэг хүн ерөөлтэй еэ! Учир нь тэр шалгуулчихаад, Өөрийг нь хайрлагсдад Эзэний амласан амийн титмийг хүлээн авна. Хэн нь ч уруу татагдахдаа “Бурхан намайг уруу татаж байна” гэж бүү яриг. Учир нь Бурхан муу муухайд уруу татагддаггүй бас Өөрөө хэнийг ч уруу татдаггүй. Харин тачаалдаа автаж, татагдахдаа хүн бүр уруу татагддаг. Тэгээд тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоороо үхлийг гаргадаг аж. Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэгтүн. Аливаа сайн соёрхол ба аливаа төгс бэлэг нь дээрээс, гэрлүүдийн Эцэгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлт ч, өөрчлөгдөх сүүдэр ч үгүй. Тэр хүслээрээ биднийг үнэний үгээр төрүүлэв. Ингэснээр бид Түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм.