Исаиа 8:1-20

Исаиа 8:1-20 АБ2013

ЭЗЭН надад айлдсан нь —Том хавтан аваад, дээр нь жирийн үсгээр “Махер-шалал-хаш-баз” гэж бичигтүн. Би итгэмжит гэрч тахилч Уриа болон Иебехиагийн хүү Зехариа нарыг Өөртөө гэрч болгон авна гэв. Ингээд би эмэгтэй эш үзүүлэгчтэй унтаж, тэр жирэмсэлж, хүү төрүүлэв. ЭЗЭН надад —Түүнийг “Махер-шалал-хаш-баз” гэж нэрлэ. Учир нь хүүг “Аав, ээж” гэж хэлж сурахаас өмнө, Дамаскийн эд баялаг, Самарийн олз Ассирийн хааны өмнө аваачигдана гэв. ЭЗЭН надтай дахин ярьж, —Энэ хүмүүс Шилоахын дөлгөөн урсгалт усыг үл тоомсорлон, Ремалиагийн хүүд болон Резинд баярлаж байна. Ийм учраас одоо үзэгтүн! Эзэн Евфратын хүчит их усыг Ассирийн хаан ба агуу алдар хүндийг нь хүртэл тэдний дээр авчрах гэж байна. Тэр бүх суваг хоолой дээгүүр нь халин бүх эрэг дээгүүр нь үерлэнэ. Дараа нь тэр Иудагаар дайран үерлэж, хүзүү хоолойд нь тулна. Дэлгэсэн жигүүр нь чиний нутгийг дүүргэнэ. Иммануел ээ! гэв. Түжигнэцгээ, хүмүүс ээ, түгшицгээ! Дэлхийн алслагдсан бүх нутаг аа, чих тавь. Зэвсгээ агсацгаа, түгшицгээ. Зэвсгээ агсацгаа, түгшицгээ. Төлөвлөгөө сэдэх боловч тэр чинь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна. Иймээс ЭЗЭН хүчит мутраараа надад айлдан энэ хүмүүсийн замаар явахгүй байхыг надад сануулан хэлэхдээ: —Энэ хүмүүсийн хуйвалдаан гэж үзэж байгаа бүхнийг хуйвалдаан гэж хэлж болохгүй. Тэдний айж байгаа юмнаас бүү ай, бүү сүрд. Та нарын ариун хэмээн үзэх ёстой нэгэн нь Түг түмдийн ЭЗЭН юм. Тэрээр эмээдэс тань байх болно. Тэр та нарыг айлгах болно. Дараа нь Тэр ариун газар болно. Гэхдээ Израилийн хоёр гэрийг цохих чулуу, бүдрүүлгийн хад, Иерусалимын оршин суугчдын урхи ба занга болно. Олон хүн түүнд бүдэрнэ. Тэгээд тэд унана, хэмхэрнэ. Түүгээр ч барахгүй тэд Урхинд орж баригдана гэв. Гэрчлэлийг боож, шавь нарын минь дунд хуулийг битүүмжлэгтүн. Иаковын гэрээс нүүрээ нууж байгаа ЭЗЭНийг би хүлээнэ. Би Түүнийг цөхрөлтгүй хайна. ЭЗЭНий надад өгсөн хүүхдүүдийг болон намайг харагтун. Бид, Сион уулан дээр оршигч, түг түмдийн ЭЗЭНээс Израильд өгсөн тэмдэг, гайхамшгууд мөн. Хүмүүс та нарт “Шивтнэн чалчдаг сүнс дуудагчид ба шидтэнүүдтэй зөвлөлд” гэж хэлэх үед ард түмэн өөрсдийнхөө Бурханаас асуухгүй гэж үү? Амьд хүмүүсийн өмнөөс үхэгсдээс асууна гэж үү? Хууль хийгээд гэрчлэлд анхаарагтун. Хэрэв тэд энэ үгийн дагуу ярьдаггүй бол тэдэнд гэгээ байхгүй болжээ.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна