Исаиа 61
61
Авралын сайнмэдээ
1Над дээр Эзэн БУРХАНы Сүнс байна
Учир нь зовогсдод сайнмэдээ хүргэж
Шаналсан зүрхтэйг нь эдгээн
Олзлогдогсдод эрх чөлөөг тунхаглаж,
Хүлээстэй хүмүүсийг чөлөөлөхийн тулд
Намайг Эзэн тосолсон юм.
Намайг Тэр илгээсэн юм.#Мт 11:5; Лк 7:22 #Лк 4:18–19
2Мөн ЭЗЭНий тааламжит жил,
Бурханы маань өшөө авах өдрийг тунхаглан
Бүх гашуудагчийг тайвшруулан#Мт 5:4
3Сионд гашуудагсдад үнсний оронд гоёл чимгийг,
Гашуудлын оронд баяр хөөрийн тосыг,
Гаслант сүнсний оронд магтаалын хувцас өгөхийг тогтоохын тулд бөгөөд
Түүнийг алдаршуулахаар тэднийг зөвт байдлын царснууд,
ЭЗЭНий суулгац гэж нэрлэхийн тулд болой.
4Тэд эртний балгасуудыг сэргээн босгож,
Урьдын сүйрлүүдийг янзалж,
Үеийн үед сүйрсэн хотуудыг шинэчилнэ.
5Харь хүмүүс босож,
Та нарын сүргийг хариулна.
Харийн хөвгүүд та нарын тариаланч,
усан үзэмчид чинь болцгооно.
6Харин та нар ЭЗЭНий тахилч нар,
Бурханы маань үйлчлэгчид гэж нэрлэгдэн
Үндэстнүүдийн эд баялгийг идэж,
Алдраар нь сайрхах болно.
7Ичгүүрийн оронд та нарт хоёр дахин их байна.
Доромжлолын оронд тэд
Хувь ногдолдоо баярлана.
Тиймээс тэд газартаа хоёр дахин ихийг эзэмшин
Мөнхийн баяр баясгалан тэднийх болно.
8Учир нь ЭЗЭН Би шударга ёсыг хайрлаж,
Хүчээр дээрэмдэхийг үзэн яддаг.
Би хариу шагналыг нь үнэнээр өгнө.
Би тэдэнтэй мөнхийн гэрээ байгуулна.
9Тэгэхэд үр удам нь үндэстнүүдийн дотор,
Хойч үе нь хүмүүсийн дунд танигдана.
Тэд ЭЗЭНий ерөөсөн үр удам гэдгийг
Харсан бүгд нь мэдэх болно.
10Би ЭЗЭНий дотор ихэд бахдан
Сэтгэл минь миний Бурханд баярлана.
Сүйт залуу цэцгийн хэлхээгээр чимж,
Сүйт бүсгүй үнэт чулуугаар гоёдог шиг
Тэр намайг авралын хувцсаар хувцаслаж,
Зөвт байдлын нөмрөгөөр бүтээв.#Илч 21:2
11Учир нь мөчир нахиагаа газар нь ургуулж
Дотор нь тарьсныг цэцэрлэг нь ургуулдаг шиг
Эзэн БУРХАН бүх үндэстний өмнө
Зөвт байдал, магтаалыг бий болгоно.
Одоогоор Сонгогдсон:
Исаиа 61: АБ2013
Тодруулга
Хуваалцах
Хувилах
Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү
Ariun Bible © Mongolian Union Bible Society 2013.