Исаиа 58:1-14

Исаиа 58:1-14 АБ2013

“Чангаар хашхирагтун. Бүү тогтоон барь. Хоолойгоо бүрээ мэт өндөрсгөн Ард түмэнд маань гэмт үйлдлийг нь, Иаковын гэрт нүглийг нь мэдүүлэгтүн. Гэлээ ч зөвт байдал үйлддэг, Бурханыхаа шүүлтийг умартаагүй үндэстэн мэт Тэд Намайг өдрөөс өдөрт эрж, Замыг минь мэдэхийг хүсдэг. Тэд зөвт шийдвэрийн төлөө Надаас гуйж, Бурханы ойр байхыг хүсдэг. «Мацаг барихыг маань яагаад Та хараагүй юм бэ? Бид номхон даруу болж байгааг яагаад Та ажиглаагүй юм бэ?» гэдэг. Үзэгтүн, мацаг барих өдрөө та нар таалал сонирхолдоо үйлчилж, Хамаг ажилчдаа мөлждөг. Үзэгтүн, та нар хэрүүл маргаан хийж, Гэмт нударгаараа цохихын тулд мацаг барьдаг. Дуу хоолойгоо өндөрт сонсгохын тулд Та нар өнөөдөр мацаг барихгүй байна. Миний сонгож авсан мацаг барилт энэ гэж үү? Хүн өөрийгөө төлөв даруу болгох өдөр мөн үү? Хүний толгойг зэгс мэт бөхийлгөн Үнсэн дээр хэвтүүлж, таар нөмөргөнө гэсэн үг үү? Үүнийг л та нар мацаг барилт ЭЗЭНд тааламжит өдөр гэж дууддаг юм уу? Гэм буруугийн хүлгийг мултлан Буулганы оосрыг тайлж, Дарлагдагсдыг чөлөөлөөд Аливаа буулгыг эвдэхийн тулд Би энэ мацаг барилтыг сонгосон бус уу? Өлсгөлөн нэгэнтэй талхаа хуваан, Хөөгдөж туугдсан ядуусыг гэртээ авчрах нь бус уу? Нүцгэн нэгнийг хараад хувцаслаж, Цусан төрлөөсөө нуугдахгүй байхын тулд бус уу? Тэгвэл гэрэл чинь үүрийн гэгээ шиг цацарч, Эдгэрэлт чинь үтэр түргэн өсөж, Зөвт байдал чинь чиний өмнө явах бөгөөд ЭЗЭНий алдар чиний арын хамгаалалт болно. Тэгэхэд чамайг дуудахад ЭЗЭН хариулж, Чамайг хашхирахад Тэр «Би энд байна» гэж айлдана. Хэрэв та нар дундаасаа буулгыг зайлуулж, Хуруугаараа чичлэхээ, цөвт муу яриагаа боливол, Өлсөгчдөд өөрийгөө өгч, Зовогсдын сэтгэлийг цатгавал, Гэрэл чинь харанхуйд мандаж, Бүрхэг бүүдгэр чинь үд дунд мэт байх болно. ЭЗЭН чамайг ямагт удирдан Ган гачигийн үед сэтгэлийг чинь хангалуун болгож, Ясыг чинь тэнхрүүлнэ. Чи усалсан цэцэрлэг мэт, Ширгэшгүй устай урсгал мэт байх болно. Танайхнаас эрт цагийн балгасуудыг дахин сэргээж Олон үеийн сууриудыг босгоно. Чамайг «Цөмөрхийг сэргээн босгогч, Оршин суух гудамжийг засагч» гэж нэрлэнэ. Миний ариун өдөр таашаалаа үйлдэхээс татгалзан, Амралтын өдрийн төлөө чи хөлөө татаж, Амралтын өдрийг баясгалант, ЭЗЭНий ариун, эрхэм хүндэт гэж нэрлэж, Замаараа явалгүй, Таашаалаа хайлгүй, Үгсийг чалчилгүй, Энэ өдрийг хүндэтгэвэл Чи ЭЗЭНий дотор баяр хөөрийг авах бөгөөд Би чамайг дэлхийн өндөрлөгүүдээр аялуулан Эцэг Иаковын чинь өв хөрөнгөөр чамайг тэжээнэ” гэж ЭЗЭНий ам айлджээ.