Исаиа 55:1-13
Исаиа 55:1-13 АБ2013
“Хөөрхий, цангагч бүр ээ, ус уруу ирэгтүн. Мөнгөгүй нэгэн ээ, ирж, худалдан авч, идэгтүн. Ирж, мөнгөгүй, үнэгүйгээр дарс, сүү худалдан авагтун. Юунд та нар талх биш юманд мөнгө зарцуулна вэ? Цатгахгүй юмны төлөөх хүч хөдөлмөрөөр яах юм? Намайг сонсон сонсож, сайныг нь ид, Өөх тосыг таалан жарга. Чихээ нээгээд Над уруу ир! Сүнс чинь амьд байхын тулд сонсогтун. Давидын төлөөх итгэмжит хайр энэрлийн ёсоор Би та нартай мөнхийн гэрээ байгуулна. Үзэгтүн, Би түүнийг үндэстнүүдэд гэрч, Үндэстнүүдэд удирдагч ба жанжин болгов. Тэр чамайг алдаршуулсан тул, Үзэгтүн, чиний Бурхан ЭЗЭН, Израилийн Ариун Нэгэнээс болж Чи өөрийн мэдэхгүй үндэстнийг дуудан Чамайг танихгүй үндэстнүүд чам уруу гүйнэ.” Олдож болох үед нь ЭЗЭНийг хайгтун. Ойр байгаа дээр нь Түүнийг дуудагтун. Хорон муу нь замаа, Буруу нэгэн нь бодол санаануудаа орхиг. Өөрийг нь өрөвдөх ЭЗЭН өөд эргэг, Өгөөмрөөр уучлах Бурханд маань эргэг. “Учир нь Миний бодол санаа та нарын бодол санаа шиг биш. Миний зам ч та нарын замаас өөр” гэж ЭЗЭН айлдаж байна. Тэнгэрс газраас өндөр байдаг шиг Зам минь та нарын замаас, Бодол минь та нарын бодлоос өндөр билээ. Бороо, цас тэнгэрээс бууж ирээд, Газраас цухуйн ургуулж Тариачинд үрийг, идэгчдэд талхыг өгөгч газрыг Усалтлаа буцдаггүйтэй адил Амнаас минь гарсан Миний үг Над уруу хоосон буцаж ирэхгүй, Харин юу хүссэнийг минь хэрэгжүүлж, Юунд илгээснийг минь гүйцэлдүүлнэ. “Учир нь чи баяртайгаар гарч явж, Амар тайвнаар хөтлүүлнэ. Уул толгод чиний өмнө баярлан уухайлж, Талын бүх мод алга ташицгаана. Өргөст бутны оронд майлс, Халгайн оронд лишмядаг ургана. Энэ бол ЭЗЭНд нэр хүнд, Үл устах мөнхийн тэмдэг болно.”