Исаиа 49:8-18

Исаиа 49:8-18 АБ2013

ЭЗЭН ингэж айлдаж байна. “Тааламжтай цагт Би Чамд хариулж, Авралын өдөр Би Чамд тусалсан. Би Чамайг сахин хамгаалах бөгөөд Газрыг дахин сэргээж, Сүйтгэгдсэн өмчийг буцаан өвлүүлэхийн тулд Чамайг ард түмний гэрээний төлөө өгч, Хоригдогсдод «Гарч ирэгтүн» гэж, Харанхуйд оршигч хүмүүст «Ил гарагтун» гэж хэлэхийн тулд юм. Замын дагуу тэд идээшлэн Бүх өндөрлөг дээр бэлчээр нь байх болно. Тэд өлсөхгүй, цангахгүй, Аагим халуунд ч, наранд ч цохиулахгүй. Учир нь Энэрэгч нь тэднийг удирдах ба Усны ундаргуудын хажуугаар дагуулна. Би бүх уулаа зам болгож, Замууд минь өргөгдөнө. «Үзэгтүн, тэдгээр нь алс холоос, Тэдгээр нь умард, өрнөдөөс Синимийн газраас бас тэдгээр нь ирнэ.» ЭЗЭН ард түмнээ тайвшруулсан бөгөөд Зовсон хүмүүсээ энэрэх учир Тэнгэр ээ, баярлан орилогтун. Газар аа, баясагтун. Уулс аа, бахдан дуулагтун. Гэвч Сион «ЭЗЭН намайг хаясан. Эзэн намайг мартсан» гэв. «Эх хүн хөхүүл хүүхдээ мартаж Хэвлийнхээ хөвгүүнийг энэрэхгүй байх уу? Хэдийгээр тэд мартаж болох ч Би чамайг мартахгүй. Үзэгтүн, Би алгандаа чамайг сийлсэн бөгөөд Хана хэрмүүд чинь үргэлж Миний өмнө. Чиний хөвгүүд яарч, Чамайг сүйтгэгч, цөлмөгчид чамаас сална. Харцаа өргөн эргэн тойрноо харагтун. Тэд бүгд хамтдаа цуглан чам уруу ирж байна» «Би амьд!» хэмээн ЭЗЭН тунхаглан «Чи тэднийг чимэглэл мэт зүүж, Сүйт бүсгүй мэт тэднээр гоёх болно.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна