Исаиа 44:9-20
Исаиа 44:9-20 АБ2013
Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно. Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ? Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь ч мөн хүмүүн билээ. Тэд бүгд цугларч ирээд, зогсог. Тэд түгшиж, цөмөөрөө ичих болно. Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна. Мужаан модон дээр шугам татаж, зоруулаар дагуулан тэмдэглээд дараа нь зүсэгчээр өөлж, гортигоор дугуйлж тэмдэглэн сайхан төрхтэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг. Тэрээр хуш модыг тайрч, нарс, царс модыг ойгоос сонгож авдаг. Тэрээр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг. Тэр нь хүний түлш болдог. Хүн тэрнээс нь авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдэж, өмнө нь сунаж унадаг. Хагасаар нь тэр гал түлж, хагасаар нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад, “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэж хэлдэг. Харин үлдэгдлээр нь тэр, бурхан, сийлмэл хөргөө, хийж, өмнө нь сунаж унадаг аж. Бас түүндээ залбиран “Та миний бурхан учир намайг авраач” гэж хэлдэг. Тэднийг харахгүй байлгахаар нүдийг нь, ойлгохгүй байлгахаар зүрхнүүдийг нь Тэр хаасан тул тэд үл мэднэ, эс ойлгоно. Үүнийг зүрхэндээ эс оруулах бөгөөд “Би үүний хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барилаа. Би мах шарж идлээ. Үлдсэнээр нь би бузар юм хийх үү? Энэ модны тайрдасны өмнө сунаж унах хэрэг үү?” гэж хэлэх мэдлэг, ухаан тэдэнд байхгүй. Тэр үнсээр тэжээгдэнэ. Хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлсэн учир тэрээр сэтгэлээ чөлөөлөөд, “Баруун гарт минь худал байгаа бус уу?” гэж хэлж үл чадна.