Исаиа 44:1-20

Исаиа 44:1-20 АБ2013

Харин одоо, Миний боол Иаков аа, Миний сонгосон Израиль аа, сонсогтун. Чамайг бүтээж, чамайг эхийн хэвлийгээс бий болгосон, Чамд туслах ЭЗЭН ингэж айлдаж байна. “Бүү айгтун Миний боол Иаков аа, Миний сонгосон Иешурун аа! Учир нь Би ангамал газар дээр ус асгаж, Хуурай газар горхи урсгана. Би үр удам дээр чинь Сүнсээ асгаж, Хойч үед чинь ерөөлөө өгнө. Тэд усны урсгалын дагуух Улиангар мод мэт өвсөн дунд соёолно. Нэг нь “Би ЭЗЭНийх” гэнэ. Нөгөө нь Иаковын нэрээр дуудагдаж, Өөр нэг нь гар дээрээ “ЭЗЭНийх” гэж бичин Израилийн нэрээр овоглоно. ЭЗЭН, Израилийн Хаан, түүний Чөлөөлөгч, Түг түмдийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би эхэн бас Би эцэс. Надаас өөр Бурхан байхгүй. Хэн Над шиг юм бэ? Би эртний хүмүүсийг бий болгосноос хойшхыг Тэр дуудаж, тунхаглаад, Надад дэс дараагаар нь тоочигтун. Айсуй ирээдүйн зүйлсийг ч тэр тэдэнд зарлаг. Бүү түгшигтүн. Бүү мэгд. Би эртнээс чамд үүнийг сонсгож, Тунхагласан биш үү? Та нар гэрчүүд минь юм. Надаас өөр Бурхан байна уу? Өөр Хад байхгүй, Би мэдэхгүй.” Сийлмэл хөргүүд үйлдэгсэд бүгд юу ч биш бөгөөд эрхэмлэдэг зүйлс нь ямар ч ашиггүй. Гэрч нар нь ч хардаггүй, мэддэггүй. Тиймээс тэд ичгүүрт орно. Юунд ч ашиггүй бурхан, цутгамал хөргийг хэн үйлдсэн бэ? Үзэгтүн, тэд бүгдээрээ ичих болно. Учир нь дархчууд нь ч мөн хүмүүн билээ. Тэд бүгд цугларч ирээд, зогсог. Тэд түгшиж, цөмөөрөө ичих болно. Төмрийн дархан багаж зэвсгээрээ цогшсон нүүрсэн дээр бүтээлээ хийж, шүтээнийг алхаар давтаж, гарын хүчээр ажилладаг. Тэр бас өлсөж тамирдан, уух усгүй бол ядарна. Мужаан модон дээр шугам татаж, зоруулаар дагуулан тэмдэглээд дараа нь зүсэгчээр өөлж, гортигоор дугуйлж тэмдэглэн сайхан төрхтэй хүний дүрсийг хийгээд гэртээ байрлуулдаг. Тэрээр хуш модыг тайрч, нарс, царс модыг ойгоос сонгож авдаг. Тэрээр гацуур тарьж, бороо түүнийг нь ургуулдаг. Тэр нь хүний түлш болдог. Хүн тэрнээс нь авч өөрийгөө дулаацуулдаг. Талхаа жигнэхийн тулд гал өрддөг. Тэр бас бурхан хийж, түүндээ мөргөдөг. Бас сийлмэл хөрөг үйлдэж, өмнө нь сунаж унадаг. Хагасаар нь тэр гал түлж, хагасаар нь мах шараад, цадталаа иддэг. Мөн тэр дулаацаад, “Би дулаацлаа. Би гал үзлээ” гэж хэлдэг. Харин үлдэгдлээр нь тэр, бурхан, сийлмэл хөргөө, хийж, өмнө нь сунаж унадаг аж. Бас түүндээ залбиран “Та миний бурхан учир намайг авраач” гэж хэлдэг. Тэднийг харахгүй байлгахаар нүдийг нь, ойлгохгүй байлгахаар зүрхнүүдийг нь Тэр хаасан тул тэд үл мэднэ, эс ойлгоно. Үүнийг зүрхэндээ эс оруулах бөгөөд “Би үүний хагасыг галд түлж, цогшсон нүүрсэн дээр нь талх барилаа. Би мах шарж идлээ. Үлдсэнээр нь би бузар юм хийх үү? Энэ модны тайрдасны өмнө сунаж унах хэрэг үү?” гэж хэлэх мэдлэг, ухаан тэдэнд байхгүй. Тэр үнсээр тэжээгдэнэ. Хууртагдсан зүрх нь түүнийг төөрөгдүүлсэн учир тэрээр сэтгэлээ чөлөөлөөд, “Баруун гарт минь худал байгаа бус уу?” гэж хэлж үл чадна.

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна