Исаиа 43

43
Сэргэлт хамгаалалтыг амлав
1Харин Иаков аа, чамайг Бүтээгч ЭЗЭН,
Израиль аа, чамайг бий болгогч ЭЗЭН
Одоо ингэж айлдаж байна.
“Би чамайг аварсан учир
Бүү айгтун.
Би чамайг нэрээр чинь дуудсан.
Чи Минийх.
2Чамайг ус гатлахад
Би чамтай хамт байна.
Голоор туулахдаа чи живэхгүй.
Гал дундуур явсан ч чи түлэгдэхгүй,
Дөл нь ч чамайг шатаахгүй.
3Учир нь Би чиний Бурхан ЭЗЭН,
Израилийн Ариун Нэгэн, чиний Аврагч мөн.
Би Египетийг чиний төлөөсөнд,
Куш ба Себаг чиний оронд өгөв.
4Чи Миний нүдэнд үнэтэй, хүндтэй,
Би чамд хайртай.
Тиймээс Би чиний оронд хүмүүсийг,
Амийн чинь оронд үндэстнүүдийг өгнө.
5Би чамтай хамт байгаа тул
Бүү айгтун.
Би үр удмыг чинь дорно зүгээс авчран
Чамайг өрнө зүгээс цуглуулна.
6Би умардад «Тэднийг гаргаж өг» гээд,
Өмнө зүгт «Бүү саатуулагтун,
Хөвгүүдийг минь алс холоос,
Охидыг минь газрын хязгаараас,
7Миний нэрээр дуудагдсан хүн бүрийг авчрагтун.
Учир нь Би түүнийг алдрынхаа төлөө бүтээж, хэлбэржүүлж, хийсэн гэж айлдана»” гэв.
8Нүдтэй боловч сохор,
Чихтэй боловч дүлий хүмүүсийг авчрагтун.
9Ард түмнүүд хуран чуулж
Бүх үндэстэн хамт цуглах болтугай.
Тэдний дундаас хэн үүнийг мэдүүлж,
Урьдын юмсыг бидэнд сонсгох вэ?
Тэд зөвтгөгдөж болохоор гэрч нараа авчраг.
Тэд сонсоод “Энэ үнэн” гэж хэлэг.
10“Та нар миний гэрч нар” гэж ЭЗЭН айлдаж байна.
“Та нар мэдэж, Надад итгэн,
Намайг Тэр мөн гэж таниасай гэсэндээ
Би та нарыг сонгосон бөгөөд
Та нар зарц нар минь юм.
Надаас өмнө Бурхан байгаагүй,
Миний дараа ч байхгүй.
11Би, зөвхөн Би ЭЗЭН,
Надаас өөр аврагч үгүй.
12Мэдүүлж, аварч, сонордуулсан нь
Би билээ.
Та нарт өөр хэн ч байхгүй.
Иймээс та нар гэрчүүд минь мөн гэж
ЭЗЭН айлдаж байна.
“Би Бурхан.
13Өдрүүд эхлэхээс авахуулан Би Тэр юм.
Мутраас минь аварч чадах хэн ч байхгүй.
Би үйлдвэл хэн буцааж чадах вэ?”
14Израилийн Ариун Нэгэн,
Таны Аврагч, ЭЗЭН ингэж айлдаж байна.
“Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн
Дээдсийг нь төдийгүй,
Усан онгоцон дотроо баясацгааж байсан
халдеичуудыг буулган авчирна.
15Би ЭЗЭН,
Та нарын Ариун Нэгэн,
Израилийн Бүтээгч, танай Хаан.”
16Тэнгис дундуур зам,
Хүчит усан дундуур харгуй гаргагч
ЭЗЭН ийнхүү айлдаж байна.
17Тэрээр тэрэг ба морьд,
Их цэрэг ба хүчийг гаргаж ирдэг.
(Тэд хамтдаа хэвтээд, дахин босохгүй.
Тэд зулын гол мэт унтарч замхарна.)
18Урьдын юмыг бүү дурсагтун.
Эртний юмыг бүү бодогтун.
19Үзэгтүн, Би шинэ зүйл хийх бөгөөд
Тэр нь одоо соёолж гарна.
Та нар үүнийг мэдэхгүй гэж үү?
Би хээр талд зам тавьж, цөлд гол урсгана.
20Би сонгосон ард түмнээ ундаалахын тулд
Зэлүүд нутагт ус өгч,
Цөлөөр гол урсгах учраас
Хээрийн араатнууд, цөөвөр чоно,
Тэмээн хяруулууд Намайг алдаршуулна.
21Өөртөө бий болгосон ард түмэн минь
Миний алдар магтаалыг тунхаглана.
22Харин Иаков аа, чи Намайг дуудсангүй.
Израиль аа, чи Миний төлөө зүдрээгүй.
23Чи шатаалт тахилынхаа бог малыг Надад авчраагүй,
Нядлах тахилаараа Намайг хүндэтгээгүй.
Би чамайг идээн өргөлөөр дарамтлаагүй,
Утлагаар зүдрээгээгүй.
24Чи Надад амтат чихрийн нишингэ мөнгөөр худалдан аваагүй,
Тахилынхаа өөхөөр ч Намайг цатгаагүй,
Харин чи нүглээрээ Намайг дарамталж,
Хилэнцээрээ Намайг туйлдуулав.
25Би, зөвхөн Би л өөрийнхөө төлөө гэмт үйлдлийг чинь арилган
Нүглийг чинь дурсахгүй.
26Надад сануулагтун.
Хэргээ хамтран шүүцгээе.
Зөвтгөгдөхийн тулд мэдүүлэгтүн.
27Анхны эцэг чинь нүгэл үйлдэж,#43:27 Анхны эцэг: Иаков эсвэл Абрахам эсвэл бүр Адамд хамаарч болох юм.
Зуучлагч нар чинь Миний эсрэг тэрслэв.
28Тиймээс Би ариун газрын тэргүүлэгчдийг бузарлаж,
Иаковыг зүхэлд,
Израилийг доромжлолд өгөв.”

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 43: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү