Исаиа 42:1-8

Исаиа 42:1-8 АБ2013

Миний дэмнэдэг Зарц, Миний сонгосон, таалдаг Нэгэнийг минь хар. Би Түүний дээр Сүнсээ байлгана. Тэрээр үндэстнүүдэд шударга ёсыг авчирна. Тэр хашхирахгүй, дуугаа өндөрсгөхгүй, гудамжинд ч сонсгохгүй. Бяцарсан зэгсийг хугалахгүй, Бүдгэрсэн дэнг бөхөөхгүй. Шударга ёсыг үнэхээр Тэр авчирна. Дэлхийд шударга ёсыг тогтоох хүртэлээ Тэрээр сульдахгүй, бяцрахгүй. Эргийн нутагт ч Түүний хуулийг найдан хүлээнэ. Тэнгэрийг бүтээж татаад, Дэлхий болон түүнээс гарах бүхнийг дэлгэсэн, Түүн дээрх хүмүүст амьсгалыг, Түүний дотор явагчдад сүнсийг өгөгч Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Би ЭЗЭН. Чамайг зөвт байдалд дуудаж, гараас чинь атгаад, Чамайг хамгаалж, Чамайг ард түмний гэрээ хэмээн, Үндэстнүүдийн гэрэл болгож өгнө. Энэ нь сохрын нүдийг нээж, Гяндангаас хоригдлуудыг чөлөөлөн, Харанхуйд суугчдыг хорионы гэрээс гаргахын тулд юм. Би ЭЗЭН. Нэр минь Тэр билээ. Би алдраа бусдад, магтаалаа сийлмэл хөргүүдэд өгөхгүй.