Исаиа 40:9-31

Исаиа 40:9-31 АБ2013

Сайнмэдээчин Сион оо! Өндөр уулан дээр гарагтун. Сайнмэдээчин Иерусалим аа! Дуугаа хүч чадалтайгаар өргөгтүн. Өргөгтүн! Бүү айцгаа. “Бурхан тань энэ байна” гэж Иудагийн хотуудад хэлэгтүн. Үзэгтүн, Эзэн БУРХАН хүч чадалтайгаар ирж, Мутраараа Өөрийнхөө төлөө захирна. Үзэгтүн, шагнал нь Түүнтэй, Хариу нь Түүний өмнө байна. Тэр хоньчины ёсоор сүргээ хариулж, Мутартаа хургануудаа цуглуулан энгэртээ тэврээд, Хөхүүлийг нь зөөлөн хөтөлнө. Далайг хэн алгандаа хэмжиж, Тэнгэрийг төөлж тооцоолсон бэ? Хэн газрын тоосыг хэмжүүрт багтааж, Уулсыг жинлүүрээр Толгодыг хос дэнсээр жинлэсэн бэ? Хэн ЭЗЭНий Сүнсийг удирдаж эсвэл Зөвлөх нь болж Түүнийг сургасан бэ? Тэр хэнтэй зөвлөлдөв? Хэн Түүнд ухаарлыг өгч, Шударга ёсны замыг Түүнд зааж, Мэдлэгийг сургаж, ухаарлын замыг мэдүүлсэн бэ? Харагтун, үндэстнүүд хувингийн дусал мэт, Дэнсэн дээрх ширхэг тоос мэт тооцогддог. Үзэгтүн, арлуудыг нарийн тоос мэт Тэрээр өргөнө. Шатаахад Ливан ч хангалтгүй, Шатаалт тахилд араатан амьтад нь ч хангалтгүй билээ. Бүх үндэстэн Түүний өмнө юу ч биш, Түүнд тэд юу ч үгүй, хоосон юм мэт тооцогдоно. Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ? Шүтээний хувьд, дархан хүн цутгаж, Алтны дархан алтаар бүрж, Мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг. Тийм өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг сонгоод, Тэрээр хөдөлдөггүй шүтээнийг бүтээх Уран дархныг хайдаг. Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг мэдүүлээгүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юм уу? Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг, Тэнгэрийг хөшиг мэт татаж, Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр билээ. Захирагчдыг Тэрээр юу ч биш болгон Газрын шүүгчдийг хоосруулдаг. Тэднийг дөнгөж таригдаад, дөнгөж үрслэгдээд, Иш нь газарт дөнгөж үндэслэмэгц Тэр тэдэн уруу үлээдэг бөгөөд Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг. “Тэгвэл та нар Намайг Хэнтэй адилтгаж, хэнтэй харьцуулах вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна. Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй. “Зам минь ЭЗЭНээс далдлагдаж, Үйлсийг минь миний Бурхан эс хайхарчээ” гэж Чи юунд хэлнэ вэ, Иаков аа? Чи юунд ярина вэ, Израиль аа? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, Чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуус ч эцэж туйлдан Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.

Исаиа 40:9-31 -тай холбоотой үнэгүй уншлагын тѳлѳвлѳгѳѳнүүд болон чимээгүй цагийн сэдэв