Исаиа 40:18-31
Исаиа 40:18-31 АБ2013
Тэгвэл та нар Бурханыг хэнтэй адилтгах юм бэ? Түүнийг ямар дүртэй зүйрлэх вэ? Шүтээний хувьд, дархан хүн цутгаж, Алтны дархан алтаар бүрж, Мөнгөний дархан мөнгөн оосрыг нь хийдэг. Тийм өргөлд хэтэрхий ядуу нь өмхөрдөггүй модыг сонгоод, Тэрээр хөдөлдөггүй шүтээнийг бүтээх Уран дархныг хайдаг. Та нар мэдэхгүй гэж үү? Та нар сонсоогүй гэж үү? Эхнээсээ та нарт үүнийг мэдүүлээгүй гэж үү? Дэлхийн сууриас та нар ойлгоогүй юм уу? Царцаанууд шиг оршин суугчтай дэлхийн тойрог дээр залардаг, Тэнгэрийг хөшиг мэт татаж, Майхан мэт дэлгэн оршдог нь Тэр билээ. Захирагчдыг Тэрээр юу ч биш болгон Газрын шүүгчдийг хоосруулдаг. Тэднийг дөнгөж таригдаад, дөнгөж үрслэгдээд, Иш нь газарт дөнгөж үндэслэмэгц Тэр тэдэн уруу үлээдэг бөгөөд Тэд хатаж, сүрэл мэт хуй салхинд хийсдэг. “Тэгвэл та нар Намайг Хэнтэй адилтгаж, хэнтэй харьцуулах вэ?” гэж Ариун Нэгэн айлдаж байна. Хараагаа өндөрт өргөн Тэдгээрийг хэн бүтээснийг харагтун. Түг түмдийг нь тоо ёсоор авчирч Бүгдийг нэрээр дууддаг нь Тэр юм. Агуу их хүч, сүр жавхлангийнх нь улмаас Тэдгээрээс нэг нь ч алдагдаагүй. “Зам минь ЭЗЭНээс далдлагдаж, Үйлсийг минь миний Бурхан эс хайхарчээ” гэж Чи юунд хэлнэ вэ, Иаков аа? Чи юунд ярина вэ, Израиль аа? Чи мэдэхгүй гэж үү? Чи сонсоогүй юм уу? Мөнхийн Бурхан, ЭЗЭН, Дэлхийн хязгаарыг Бүтээгч нь Эцэж туйлддаггүй бөгөөд ухаан нь хязгааргүй. Тэр эцэж ядарсанд тэнхээ өгч, Чадал барагдсанд нь хүч нэмдэг. Залуус ч эцэж туйлдан Идэр залуус ч бүдрэхдээ л бүдэрдэг. Харин ЭЗЭНд найдагчид хүчээ сэлбэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Гүйлээ ч үл туйлдана Алхлаа эс цуцна.