Исаиа 26:1-11
Исаиа 26:1-11 АБ2013
Тэр өдөр Иудагийн нутагт энэ дуу дуулагдана. “Бидэнд хүчирхэг хот байна. Авралд зориулан Тэрээр Хэрэм, бэхлэлт босгожээ. Үүд хаалгаа нээн итгэмжит байдлыг сахигч, Зөвт үндэстнийг оруул! Танд итгэдгийн улмаас Санаа бат хүмүүнийг Та амрын амар байлгана. ЭЗЭНд үүрд итгэгтүн! Учир нь ЭЗЭН БУРХАН дотор Мөнхийн хад бий. Өндөрт залрагчдыг Тэрээр номхтгож, Халдашгүй хотыг доройтуулан Газарт унаган шороонд шиднэ. Түүнийг зүдрэгсэд, ядуусын хөл гишгэлж дэвсэлнэ”. Зөв шударгын зам нь чигч шулуун ажээ. Аяа Зөвт Нэгэн ээ, Зөвт хүний замыг тэгшхэн тавиач. ЭЗЭН минь, Таны шүүлтийн замаар алхахдаа Таныг хүсэн хүлээнэ. Таны нэр, Таныг дурсан магтах нь Сэтгэлийн маань хүсэл болой. Шөнөөр сэтгэл минь Таныг хүсэмжлэн сүнс минь Таныг шаргуу эрэлхийлнэ. Дэлхий Таны шүүлтийг эдлэх үед Ертөнцийн суугчид зөв явдалд суралцана. Буруу муу хүн энэрэл хайрыг ававч Зөв явдлыг сурдаггүй. Зөв шударгын газарт бурууг тэрээр үйлдэн ЭЗЭНий цог жавхланг эс олж харна. ЭЗЭН, Таны мутар өргөгдөвч тэд үл үзнэ. Хүмүүсийн төлөөх зүтгэлээ Та тэдэнд харуулж, Тэднийг ичээгээч. Үнэхээр Таны дайснуудыг гал залгина.