Исаиа 11:1-16
Исаиа 11:1-16 АБ2013
Иессийн хожуулаас нэгэн нахиа гарч, Үндэснээс нь нэгэн мөчир жимсэлнэ. ЭЗЭНий Сүнс, Мэргэн ухааны ба ухаарлын сүнс, Зөвлөгөөний ба хүч чадлын сүнс, Мэдлэгийн хийгээд ЭЗЭНээс эмээхүйн сүнс Түүн дээр оршино. Таалал нь ЭЗЭНээс эмээхүйд. Тэр нүдэндээ үзэгдсэнээр шүүхгүй, Чихэндээ сонсогдсоноор шийдэхгүй. Үгээгүйчүүдийг үнэн зөвөөр шүүж, Хорвоогийн зовогсдод шударга шийдвэр гарган, Амныхаа саваагаар газрыг дэлдэж, Уруулынхаа амьсгалаар буруутыг Тэр хөнөөнө. Зөвт байдал Түүний бүсэлхийнх нь бүс Итгэмжит чанар Түүний бэлхүүсийнх нь бүс. Чоно хургатай хамт амьдран, Ирвэс ишигтэй хамт хэвтэж, Тугал, залуу арслан, тарган мал хамтдаа байж Бяцхан хүү тэднийг удирдана. Үнээ баавгайтай бэлчиж, Үр зулзагууд нь хамт хэвтэж, Арслан нь үхэр шиг, сүрэл иднэ. Нялх хүүхдүүд наж могойн нүхний дэргэд тоглоно Балчир хүүхэд хорт могойн үүрэнд гараа хийнэ. Тэд бүх ариун ууланд минь хорлохгүй, устгахгүй. Учир нь далай усаар бялхдаг шиг Дэлхий ЭЗЭНий мэдлэгээр дүүрнэ. Тэр өдөр Иессийн үндэс ард түмний туг болон мандаж, Үүнийг тойрон үндэстнүүд цуглаж, Түүний амрах газар нь алдар суу болно. Тэр өдөр Эзэн мутраа хоёр дахь удаагаа дахин сунгаж, Ассири, Египет, Патрос, Куш, Елам, Шинар, Хамат болон далайн арлуудаас Ард түмнээсээ үлдсэн үлдэгсдийг буцааж авна. Тэр үндэстнүүдийн төлөө тугийг өргөн Газрын дөрвөн хаяанаас Израилийн цөлөгдөгсдийг, Иудагийн бутрагсдыг цуглуулна. Ефраимын атаархал арилан Иудаг дайсагнагчид устана. Ефраим Иудад атаархахгүй, Иуда нь ч Ефраимд дайсагнахгүй. Тэд баруун зүг дэх Филистийн нам газрыг довтлон, Хамтдаа дорнын хөвгүүдийг дээрэмдэж, Едом ба Моаб дээр гараа тавин Аммоны хөвгүүд тэдний эрхшээлд орно. ЭЗЭН, Египетийн тэнгисийн хоолойг бүрэн хатааж, Халуун салхиараа үлээлгэн Евфрат мөрний дээгүүр мутраараа даллан, Хүмүүс шаахайгаа тайлахгүйгээр гатлах болтол нь Долоон хэсэгт хуваана. Израильчууд Египет нутгаас гарсан өдрийнхтэй адил Түүний ард түмнээс үлдсэн хүмүүст Ассириас ирэх их зам бий болно.