Исаиа 10

10
1Ёс бус тогтоол гаргаж,
зөв бус шийдвэр бичигсэд хөөрхий еэ!
2Ингэснээрээ тэд ядуусыг шударга явдлаас зайлуулж,
Ард түмний минь үгээгүйчүүдийг үнэн зөвөөс холдуулмуй.
Ингэж тэд бэлэвсэн эмэгтэйчүүдийг олз болгон,
Өнчин хүүхдүүдийг дээрэмддэг.
3Алсаас ирэх сүйрэл ба шийтгэлийн өдөр
Та нар юу хийх юм бэ?
Та нар хэн уруу тусламж гуйн зугтах вэ?
Мөн өөрсдийнхөө алдрыг хаана орхих вэ?
4Олзлогдогсдын дунд бөхийн,
Алагдсан хүмүүсийн дунд унахаас өөр юу ч үлдэхгүй.
Энэ бүхнээс болж
Түүний уур хилэн эргэхгүй,
Тэрээр мутраа сунгасан хэвээр байна.
Ассири дээр буух шүүлт
5Уур хилэнгийн таяг минь болох Ассири хөөрхий еэ!
Гарт буй саваа нь Миний зэвүүцэл юм.#Иса 14:24–27; Нах 1:1—3:19; Зеф 2:13–15
6Би түүнийг сүсэг бишрэлгүй үндэстний эсрэг,
Уур хилэнг минь хөдөлгөсөн ард түмний эсрэг явуулж,
Дээрэмдсэн зүйлийг олзлон,
Тэднийг гудамжны шавхай шалбааг мэт гишгэчих тушаалыг
Би түүнд өгнө.
7Хэдийгээр тэр ингэж сэтгэхгүй,
Зүрхэндээ ингэж төлөвлөхгүй боловч
Олон үндэстнийг тасчин устгах нь
Зүрхэн дэх зорилго нь юм.
8Учир нь тэр ингэж хэлж байна.
“Жанжингууд минь бүгдээрээ хаад бус уу?
9Кално нь Кархемиш шиг
Хамат нь Арпад шиг
Самари нь Дамаск шиг биш үү?
10Мутар минь шүтээнүүдийн хаанчлалд хүрсний адил,
(Сийлмэл хөргүүд нь Иерусалим болоод Самарийнхаас ч илүү агуу)
11Би Самари болоод шүтээнүүдэд нь хэрхэн хандсан шигээ
Иерусалим болон хөргүүдэд нь хандах бус уу?”
12Сион уул болон Иерусалимд Эзэн бүх ажилаа дуусгамагц “Ассирийн хааны омог бардам зүрхний үрийг болон ихэмсэг байдлынх нь сүр жавхааг Би шийтгэнэ.” 13Учир нь тэр
“Би өөрийн гарын хүчээр бас мэргэн ухаанаараа үүнийг хийсэн.
Учир нь би ухаантай.
Би ард түмний хил хязгаарыг шилжүүлэн,
Эд баялгийг нь дээрэмдэн,
Сэнтийд залрагчдыг
Хүчит нэгэн мэт түлхэн унагав.
14Шувууны үүр мэт ард түмний эд баялагт гар минь хүрч,
Орхигдсон өндгийг цуглуулдаг нэгний адил
Би бүх газрыг цуглуулан авав.
Тэнд жигүүрээ дэвж, хошуугаа нээн жиргэх нэгэн алга” гэлээ.
15Сүх, цавчигч хүндээ өөрийгөө сайрхах уу?
Эсвэл хөрөө, өөрийг нь ашиглаж байгаа хүнийхээ өмнө
Өөрийгөө өргөмжлөх үү?
Энэ нь өөрөөр нь далайгчийг эзэмших шийдэм,
Өөрийгөө мод биш юм шиг өргөх таягтай адил юм.
16Тиймээс түг түмдийн БУРХАН Эзэн
Зоригт дайчид уруу нь доройтуулах өвчнийг явуулж,
Сүр жавхлангийнх нь дор
Дүрэлзэх дөл мэт галыг ноцооно.
17Израилийн гэрэл нь гал,
Ариун Нэгэн нь дөл болж,
Өргөст бут сундуу бутыг нь ганцхан өдөрт шатаана.
18Тэр түүний шигүү ойн сүр жавхлан,
Үр жимст цэцэрлэг бүгдийг нь устгана.
Өвчтэй хүн доройтдогийн адил болно.
19Ойн модноос нь үлдсэн моддын тоо нь
Хүүхэд бичиж болмоор тун бага байх болно.
Израилийн үлдэгсэд гэмшинэ
20Тэр өдөр Израилийн үлдэгсэд, Иаковын гэрийнхний амь хэлтрэгсэд өөрсдийг нь цохисон нэгнийг түшихээ болиод, харин ЭЗЭНийг, Израилийн Ариун Нэгэнийг үнэнээр түшнэ.
21Үлдэгсэд, Иаковын үлдэгсэд хүчит Бурхан өөдөө эргэнэ.
22Израиль аа, чиний ард түмэн хэдийгээр
Далайн элс мэт байсан ч
Үлдэгсэд нь л буцна.
Сүйрэл нь тогтоогдсон бөгөөд
зөвөөр дүүрэн байна.#Ром 9:27
23Учир нь түг түмдийн БУРХАН Эзэн тогтоосон сүйрлийг бүх газрын дунд хэрэгжүүлнэ. 24Иймд түг түмдийн БУРХАН Эзэн ийн айлдаж байна.
—Сионд оршдог ард түмэн минь! Египетийн адилаар та нарыг таягаар цохиж, та нар уруу саваа далайж байгаа Ассириас бүү айгтун. 25Учир нь тун удахгүй та нарын эсрэг хандсан зэвүүцэл минь дуусгавар болж, уур хилэн минь тэдний сүйрэл уруу чиглэнэ. 26Түг түмдийн ЭЗЭН, Оребын хаданд Мидианыг цохисон шиг тэднийг ташуурдана. Тэрээр Египетэд хийсэн шигээ таягаа далайн дээгүүр сунгана. 27Тэр өдөр тэдний дарамтыг мөрнөөс чинь, буулгыг нь хүзүүн дээрээс чинь зайлуулна. Таргалснаас болж буулга нь эвдэрнэ.#10:27 Энэ эшлэлд байдаг гурван еврей үгийн утга тодорхойгүй.
28Тэр Аиатад#10:28 Аиат: Энэ болон 28–32-р эшлэлд дурдагдаж байгаа газрууд нь Иерусалимын ойролцоо байсан бөгөөд хойд зүгээс эдгээр газраар дамжин довтолгоо ирдэг байжээ. ирж,
Мигроноор дамжин Михмашт нөөцөө хадгална.
29Тэд давааг даваад “Бид Гебад хоноглох болно” гэв.
Рама цочирдож, Саулын Гибеа зугтав.
30Галлимын охид оо.
Бүх дуугаараа чанга хашхирцгаа!
Анхаарагтун Лаиша.
Хөөрхийлөлтэй Анатот оо!
31Мадмена зугтаж,
Гебимийн оршин суугчид хоргодох газар хайв.
32Тэр өнөөдөр Нобт буудаллан
Сион охины уул,
Иерусалимын толгод дээр нударга зангидан заналхийлнэ.
33Харагтун,
Түг түмдийн БУРХАН Эзэн
Аюумшигт хүчээр модны мөчрийг тас цавчина.
Хэмжээгээр өндөр нь цавчигдана,
Ихэмсэг хүмүүс басамжлагдана.
34Тэрээр төмөр сүхээр ширэнгэ ойг цавчиж,
Гайхамшигт мододтойгоо Ливан унана.

Одоогоор Сонгогдсон:

Исаиа 10: АБ2013

Тодруулга

Хуваалцах

Хувилах

None

Тодруулсан зүйлсээ бүх төхөөрөмждөө хадгалмаар байна уу? Бүртгүүлэх эсвэл нэвтэрнэ үү

YouVersion нь таны хэрэглээг хувийн болгохын тулд күүки ашигладаг. Манай вэбсайтыг ашигласнаар та манай Нууцлалын бодлогод заасны дагуу күүки ашиглахыг зөвшөөрч байна