Хосеа 1:1-11

Хосеа 1:1-11 АБ2013

Иудагийн хаад Уззиа, Иотам, Ахаз, Хезекиа нарын өдрүүдэд хийгээд Израилийн хаан, Иоашийн хүү Иеробоамын өдрүүдэд Беерийн хүү Хосеад ирсэн ЭЗЭНий үг энэ билээ. ЭЗЭН анх Хосеагаар дамжуулан айлдах үед Хосеад ЭЗЭН, хэлэхдээ —Яв, завхай эхнэр авч, завхайрлын хүүхдүүдтэй бол. Учир нь энэ нутаг ЭЗЭНийг орхисноор, үлэмж завхайрлыг үйлдэж байна гэв. Тиймд тэр явж, Диблаимын охин Гомерыг авлаа. Гомер жирэмсэлж түүнд хүү төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад —Түүнийг Иезреел хэмээн нэрлэ. Учир нь Иезреелд урсгасан цусны төлөө удахгүй Би Иехүгийн гэрийг шийтгэж, Израилийн гэрийн хаанчлалыг төгсгөх болно. Тэр өдөр Би Иезреелийн хөндийд Израилийн нумыг хугална гэжээ. Дараа нь Гомер дахин жирэмслэн охин төрүүлжээ. ЭЗЭН, Хосеад —Тэр охиныг Ло-рүхама хэмээн нэрлэ. Учир нь Би Израилийн гэрт өршөөлөө цаашид байлгахгүй, тэднээс бүрмөсөн зайлууллаа. Гэвч Би Иудагийн гэрийг өрөвдөн тэднийг Бурхан ЭЗЭНээр нь аварна. Тэднийг нум, илд, тулаан, морьд ба морьтнуудаар аврахгүй хэмээв. Ло-рүхамаг хөхнөөс гарах үед Гомер бас жирэмслэн хүү төрүүлжээ. ЭЗЭН айлдсан нь —Түүнийг Ло-амми хэмээн нэрлэ. Учир нь та нар Миний ард түмэн биш, Би ч та нарын Бурхан биш гэв. Гэсэн ч Израилийн хөвгүүдийн тоо Далайн элс мэт хэмжишгүй агаад Тоолшгүй байх болно. “Та нар Миний ард түмэн биш” гэж Тэдэнд айлдсан газарт тэд “Та нар амьд Бурханы хөвгүүд” гэгдэх болно. Иудагийн хөвгүүд, Израилийн хөвгүүд хамтдаа цугларч, Өөрсдөдөө нэг тэргүүн томилон тэд газрыг эзэлнэ. Учир нь Иезреелийн өдөр агуу байх болно.