Еврей 8:1-13
Еврей 8:1-13 АБ2013
Ярианы маань гол нь тэнгэр дэх Сүр Жавхлантын сэнтийн баруун гарт заларсан тийм Тэргүүн тахилч бидэнд байгаа явдал юм. Тэрээр ариун газрын хийгээд хүний бус харин Эзэний босгосон жинхэнэ асрын үйлчлэгч юм. Тэргүүн тахилч бүр бэлэг хийгээд тахил өргөхийн тулд томилогдсон байдаг тул энэ тахилч ч мөн өргөх ямар нэгэн юмтай байх хэрэгтэй. Хэрэв Тэр газар дээр байсан бол тахилч биш байх байсан. Учир нь хуулийн дагуу бэлгүүдийг өргөдөг тахилчид байсан. Тэд тэнгэрлэг юмсын хуулбар ба сүүдэр болсон асарт үйлчилдэг байв. Ингэхдээ асрыг босгож дуусгах гэж байхад нь Мосед хэрхэн зааварчилснаар үйлчилдэг бөгөөд Тэрээр “Чамд уулан дээр үзүүлсэн загварын дагуу чи бүгдийг хийхийг анхаар” гэсэн юм. Харин эдүгээ Тэр гойд сайн үйлчлэлийг хүлээн авсан бөгөөд тийнхүү илүү сайн амлалтууд дээр тогтоосон илүү сайн гэрээний зууч мөн. Хэрэв тэрхүү анхных нь дутагдалгүй байсансан бол хоёр дахийг нь хайх хэрэггүй байх байсан. Гэвч Тэр тэднээс дутагдал олоод “«Харагтун, Израилийн гэр ба Иудагийн гэртэй Би шинэ гэрээ байгуулах өдрүүд ирж байна» гэж Эзэн айлдаж байна. «Энэ нь Би тэднийг Египет нутгаас гаргахын тулд Эцэг өвгөдийнх нь гараас хөтөлсөн тэр өдөр Тэдэнтэй байгуулсан гэрээтэй минь адилгүй юм. Учир нь тэд Миний гэрээн дотор байгаагүй Би ч тэднийг хайхраагүй» гэж Эзэн айлдаж байна. Эзэн ийн айлдаж байна. «Тэр өдрүүдийн дараа Израилийн гэртэй байгуулах Миний гэрээ энэ юм. Би хуулиудаа санаанд нь оруулж, зүрхэнд нь бичнэ. Би тэдний Бурхан болж, Тэд Миний ард түмэн болно. Тэд хөршдөө, ах дүүдээ “Эзэнийг мэд” гэж заахгүй. Учир нь өчүүхнээсээ агуу нь хүртэл бүгд Намайг мэдэх болно. Би тэдний гэм бурууд өршөөнгүй хандана. Би цаашид нүглийг нь дахин эс санана»” гэв. Тэр “шинэ” гэж айлдахдаа анхныхыг хуучин болгов. Хуучирч, удсан юмс алга болоход бэлэн байдаг.