Еврей 6:1-12
Еврей 6:1-12 АБ2013
Тиймээс Христийн тухай балчир ойлголтыг орхиж, төлөвшилд тэмүүлцгээе. Түүнчлэн үхлийн үйлсээсээ гэмших, Бурханд итгэх, баптисмын тухай заавар, гар тавих тухай, үхэгсдээс амилуулагдах болон мөнх шийтгэлийн тухай сургаалуудын суурийг дахин дахин тавихгүй байя. Бурхан зөвшөөрвөл бид үүнийг хийнэ. Учир нь нэгэнтээ гэгээрүүлэгдсэн бөгөөд тэнгэрлэг бэлгийг амссан, Ариун Сүнсний хуваалцагч болсон, Бурханы сайн үгийг болон ирэх үеийн хүчийг амссан атлаа дараа нь завхайрагсад дахин шинээр гэмших боломжгүй. Яагаад гэвэл тэд өөрсдөдөө Бурханы Хүүг дахиад цовдолж, илэрхий гутамшиг болгодог аж. Дээр нь үргэлж асгарах бороог уудаг, өөрийг нь эдлэгсдэд ашигтай ургамал гаргадаг газар нь Бурханаас ерөөл авдаг. Харин тэр нь хогийн ургамал ба халгайг ургуулбал хэрэггүй болж, хараалд ойртон, шатаагдаж төгсдөг. Хайртууд минь, хэдийгээр бид ийнхүү ярьж байгаа боловч та нарын тухай илүү сайн зүйлс буюу авралд хамаатай зүйлсийн тухайд итгэлтэй байна. Учир нь ариун хүмүүсийн үйлчлэлд Түүний төлөө та нарын үзүүлсэн, бас үзүүлсээр байгаа үйлчлэл ба хайрыг чинь Тэр хайхралгүй орхихгүй. Бурхан шударга бус биш ээ. Харин бидний хүсэх нь, хүн нэгбүр чинь найдварын бүрэн баталгааны төлөө эцсээ хүртэл адилхан хүчин чармайлт гаргаж, хойргошилгүй, итгэл ба тэвчээрээр амлалт өвлөгсдийн дуурайгсад болцгоох явдал юм.